“Өнөөгийн философи ба соёлын эрх” эрдэм шинжилгээний хурал болно

Share Button

Зорилго: НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос жил бүр 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагийг Дэлхийн философийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаагийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран “Өнөөгийн философи ба соёлын эрх” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Нийгэм улс төр, боловсрол, итгэл үнэмшлийн системд хамааралтай философи асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбогдох онол, арга зүйн шинэ чиг хандлага, тулгарч буй сорилт, дэвшүүлж буй үндэслэлийн талаар хэлэлцэх, түгээхэд уг хурлын зорилго оршино.

Соёлын эрх гэдэг нь хувь хүн, олон нийтийн соёлын өвөрмөц байдал, зан үйл, илэрхийлэлд чөлөөтэй оролцох, хөгжүүлэх, хадгалах эрхийг хэлнэ. Эдгээр эрхүүд нь соёлын бүлгүүдийн өвөрмөц байдал, залгамж чанарт салшгүй холбоотой хэл, шашин шүтлэг, урлаг, зан заншил, амьдралын хэв маяг зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа, уламжлалыг хамардаг. Үүний тулд “Соёлын эрх ба нийгэм улс төр”, “Ёс зүй, гоо зүй ба үнэлэмж”, “Хүний оршихуйн үнэ цэн ба шашин”, “Боловсролын өөрчлөлт ба философи” гэсэн дэд сэдвүүдийг санал болгож байна. Өнөө цагийн нийгэм соёлын нарийн төвөгтэй асуудлыг ойлгож, шийдвэрлэхэд философийн гүйцэтгэх үүрэг, түүний эзлэх байр суурь, бий болгох нөлөөллийн талаар салбар дундын шинжтэй, бүтээлч, шүүмжлэлт хэлэлцүүлэг өрнүүлэх бололцоог харгалзан дээрх сэдвүүдийг онцлов. 

Хурлын дэд сэдвүүд 

Соёлын эрх ба нийгэм, улс төр: Нийгэм улс төрийн философи, ардчилал, зүй ёс, хүний эрх, даяарчлал ба үүний нөлөөлөл, соёлын олон янз байдал, мултикултурализм болон бусад холбогдох сэдэв 

Ёс зүй, гоо зүй ба үнэлэмж: Норматив ба хэрэглээний ёс зүй, урлагийн философи ба гоо зүйн онол, үнэлэмжийн онол болон соёлын философийн холбогдох асуудлууд 

Хүний оршихуйн үнэ цэн ба шашин: Шашин ба шашны тухай философи, шашны экзистенциализм, хүний амьдралын зорилго, сайн сайхан байдал болон бусад холбогдох сэдэв 

Боловсролын өөрчлөлт ба философи: Боловсролын философи, боловсролд философийн гүйцэтгэх үүрэг, боловсролын өөрчлөлт, боловсрол дахь тэгш байдал, зүй ёсны асуудал болон бусад холбогдох сэдэв 

Эрдэм шинжилгээний хурал болох хаяг, огноо: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот, 2024 оны 11 дүгээр сарын 21 

Хурлын цахим хаяг: https://sites.google.com/view/wpdim 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар