МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаандаа албан ёсны эрх /лиценз/-тэй 2 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий ESRI-ийн ArcGIS pro платформыг нэвтрүүллээ. Дэлхийд тэргүүлэгч газарзүйн мэдээллийн системийн программ болох ArcGIS Pro нь олон төрлийн орон зайн өгөгдлийг нэгтгэн боловсруулах, 2D, 3D, 4D дүрслэл бүтээх, өндөр нарийвчлалтай дүн шинжилгээ хийх, судалгааны үр дүнг хамтран ашиглах өргөн боломжийг бүрдүүлдэг.
Энэхүү лицензийг ашиглалтад нэвтрүүлснээр МУИС-ийн багш, судлаач, оюутнууд бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, орон зайн судалгаа болон бодлогын шинжилгээнд олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт технологийг ашиглах боломжтой болж, сургалт, судалгааны чанар, бүтээмжийг шинэ түвшинд хүргэх чухал нөхцөл бүрдэж байна.
Өнөөдрийн арга хэмжээ нь МУИС, МУИС-ийн Хот бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн болон Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг нь бөгөөд Esri-ийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютер “Мон Мэп” ХХК-ны дэмжлэг, нийгмийн хариуцлага болон Esri-ийн ArcGIS программ хангамжийн боловсролын байгууллагын лицензийг МУИС-д хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа нь чухал ач холбогдолтой юм.



Арга хэмжээг нээж МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал В.Батцэнгэл үг хэлэв. Тэрээр … Esri-ийн ArcGIS программ хангамж, GIS технологи нь зөвхөн газрын зураг боловсруулах хэрэгсэл байхаа больж, олон эх үүсвэрийн өгөгдлийг нэгэтгэх, орон зайн дүн шинжилгээ хийх, загварчлал боловсруулах, шийдвэр гаргалтыг мэдээллээр хангах үндсэн технологийн нэг болж байна. Ялангуяа хот, бүс нутгийн хөгжил, газар ашиглалт, дэд бүтэц, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй, гамшгийн эрсдлийн менежмент зэрэг олон салбарт GIS, Remote Sensing болон GeoAI-ийн хэрэглээ улам бүр чухал болж байна. Тиймээс МУИС-ийн хувьд энэхүү лицензийг зөвхөн нэг программ хангамжийн эрх гэж харах биш, харин GIS – Remote Sensing – GeoAI – Spatail Decision Support гэсэн орчин үеийн технологийн хөгжлийг сургалт, судалгаатай уялдуулах чухал боломж гэж үзэж байна.
Энэхүү технологийг МУИС-ийн геологи, геофизик, газарзүй, цаг уур, биологи, хүрээлэн буй орчин, хот төлөвлөлт зэрэг олон салбарын сургалт, судалгаанд ашиглах боломжтой бөгөөд зөвхөн программ хэрэглэдэг хэрэглэгч бэлтгэхээс гадна орон зайн өгөгдөлд суурилсан судалгаа хийх GeoAI болон шинэ технологийг ашиглах, бодит асуудлыг шийдвэрлэх чадвартай шинэ үеийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх боломж бүрдэж байна.

Эцэст нь энэхүү хамтын ажиллагааг дэмжиж, МУИС-д Esri-ийн боловсролын байгууллагын лицензийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглах боломж бүрдүүлэхэд хамтран ажиллаж буй Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн болон Esri-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

Уг арга хэмжээнд Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Док, Д.Эрдэнэбаяр, “Мон Мэп” ХХК-ны Ерөнхий захирал М.Саандарь нар үг хэлж, талархал илэрхийлэв.


ХОТ, БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

