Хайж байна...

МУИС-ийн Эдийн засгийн тэнхим Олон улсын эдийн засгийн IX олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч, баяр хүргэлээ

Share Button

Олон улсын эдийн засгийн IX олимпиад (International Economics Olympiad, IEO-2026) БНХАУ-ын Шэньжэнь хотноо 2026 оны 7 дугаар сарын 12–19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн олимпиадад дэлхийн 61 орны 300 орчим сурагч оролцож, эдийн засгийн мэдлэг, аналитик сэтгэлгээ, санхүүгийн боловсрол, багаар ажиллах ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсыг төлөөлсөн баг амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль, хоёр тусгай байр хүртлээ.

 

Монгол Улсын багийн амжилт:

  • Г. Өсөхбаяр – “Монгол Тэмүүлэл” сургууль, мөнгөн медаль
  • С. Хос-Эрдэнэ – “Монгол Тэмүүлэл” сургууль, хүрэл медаль
  • Р. Ананд – “Орчлон” сургууль, хүрэл медаль
  • Э. Мөнхжин – “Монгол Тэмүүлэл” сургууль, тусгай байр
  • Б. Эрдэнэбат – “Шинэ Эрин” сургууль, тусгай байр

Энэ жилийн Монгол Улсын багийг “Монгол Тэмүүлэл” сургуулийн Бизнес судлалын багш Т.Энхтуяа ахалж, “Монгол Тэмүүлэл” сургуулийн Эдийн засгийн багш Carlos Crawford дэд ахлагчаар ажилласан байна.

Олимпиадад оролцсон сурагчдын бэлтгэлийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Д.Эрдэнэбулган, дэд профессор Б.Энхмаа, ахлах багш Б.Цогт-Эрдэнэ, Шинэ Эрин сургуулийн эдийн засгийн багш Б.Наранцацрал нар ханган ажилласан юм.

Монгол Улсын багийн амжилт сүүлийн жилүүдэд тогтвортой ахиж байна. Тухайлбал, 2024 онд анх удаа нэг мөнгөн медаль, 2025 онд хоёр хүрэл медаль хүртэж байсан бол 2026 онд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, өмнөх амжилтаа ахиуллаа.

Монгол Улсаа төлөөлөн олон улсын олимпиадад амжилттай оролцсон багийн гишүүдийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын захирал, профессор Ч.Тамир, Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.Нарантунгалаг болон тус тэнхимийн багш нар  хүлээн авч уулзан, баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар