Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны хүрээнд МУИС-ийн оюутан, суралцагчид 2024 оны 11 дүгээр сарын 4-15-ны өдрүүдэд “Эрт илрүүлэг” үзлэг, оношилгоонд хамрагдлаа. Тус аяныг МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас МУИС-ийн эмнэлэг болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулсан юм. Эрт илрүүлэгт эрүүл мэндийн даатгалд хамрагдсан суралцагч бүр хамрагдах боломжтой бөгөөд эхний долоо хоногт сургуулийн эмнэлэг дээр 120 орчим оюутан суралцагч хамрагдсан бол сүүлийн долоо хоногт суралцагчид Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд үзлэг, оношилгоонд орлоо.
Эрт илрүүлэгт хамрагдсанаар эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой ба эрүүл иргэн болж төлөвших үүргээ ухамсарлаж үзлэг, оношилгоонд хамрагдсан оюутан, суралцагч та бүхэндээ талархал илэрхийлье.
МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас эрт илрүүлэг, үзлэг оношилгоог жил бүр зохион байгуулдаг тул оюутан, суралцагчид та бүхэн эрүүл мэндийн даатгалдаа хамрагдан үзлэг, оношилгоондоо идэвхтэй хамрагдаж байхыг хүсье.
Оюутны хөгжлийн газар