Олон Улсын Газарзүйн Мэдээллийн Системийн (GIS DAY) өдрийг тохиолдуулан МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Газарзүйн тэнхимээс “Зайнаас тандан судлал, Газарзүйн Мэдээллийн Системийн орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл-2024” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний уламжлалт хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14:00 цагаас МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд болов. Энэхүү хурлыг жил бүрийн 11 сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.
Хуралд оролцогчдын дурсгалын зураг
Тус эрдэм шинжилгээний хуралд оюутнууд идэвхитэй оролцож, өөрсдийн судалгааны ажлуудаа хэлэлцүүлсэн ба салбарын профессор багш нар сайжруулах талаар холбогдох санал, зөвлөмжүүдийг өгч ажиллажээ. Уг оюутны эрдэм шинжилгээний хуралд дараах оюутнууд өөрсдийн хийсэн судалгаагаараа эхний байруудад шалгарлаа.
- МУИС-ийн Физикийн IV түвшний оюутан Б.Балжмаа “Говийн хөрсний гадаргын гэрлийн ойлтын спектрийг өнцгөөс хамааруулсан хэмжилт” сэдвээр I байр,
- МУИС-ийн Байгаль орчныг зайнаас тандан судлалын III түвшний оюутан Б.Аззаяа, Б.Алтанхишиг нар “Газарзүйн мэдээллийн системд суурилсан 20 минутын хот ба хүртээмжтэй байдлын судалгаа” сэдвээр II байр,
- МУИС-ийн Байгаль орчныг зайнаас тандан судлалын III түвшний оюутан Б.Эрдэнэжаргал, А.Маралгуа нар “Хөвсгөл нуурын гүн ба дулааны хамаарал” сэдвээр III байр тус тус эзэллээ.
Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн
Судалгааны лаборатори (GEO-iLAB),
МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхим