МУ-ын гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, химийн ухааны доктор Алтанбаярын Мөнгөнцэцэгийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол тав дахь жилдээ зохион байгуулагдаж МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нээж үг хэллээ.
Энэ жилийн тэтгэлгийн эзнээр хэрэглээний химийн 2-р түвшний суралцагч Т.Хүслэн болон химийн 2-р түвшний суралцагч Н.Оюу нар шалгарав.
Мөн Хими хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч Б.Болортуяа, Хими хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч М.Уянга нарт мөнгөн урамшуулал олгосон юм.
Тэтгэлгийн үеэр Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаа Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, Бал овгийн Алтанбаярын Мөнгөнцэцэг багшийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын талаар, тэтгэлгийн мэдээллийг танилцуулж, А.Мөнгөнцэцэг багшийн үр хүүхдүүдэд талархал илэрхийллээ.
Профессор А.Мөнгөнцэцэгийн нэрэмжит тэтгэлэг нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимийн Хими, Хэрэглээний хими, Багш химийн боловсрол хөтөлбөрүүдийн бакалавр, магистрын суралцагсдын сурах, судалгаа шинжилгээний ажилд шамдах, өөрийгөө хөгжүүлэх нөхцөлийг дэмжих, урамшуулах зорилготой.
Профессор А.Мөнгөнцэцэг нь МУИС-ийн химийн салбарын анхны төгсөгч, аналитик химийн анхны үндэсний эмэгтэй багш, МУИС-ийн химийн салбараас төрсөн анхны эмэгтэй хүндэт профессор юм.
Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор А.Мөнгөнцэцэг агсан нь аналитик хими, гидрохими, хроматографийн хичээлүүдийг 50 гаруй жил заан шавь сургалт бий болгож, Монгол орны цэнгэг усны гол нөөц Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрөн, Орхон, Туул, Хэрлэн голууд болон тэдгээрийн цутгал голуудын усны химийн найрлагыг улирал сараар горимлон судалж, усны кальцийн карбонатын тэнцвэр, ионы урсац, химийн денудац зэргийг тооцоолон тодорхойлсон нь өнөөгийн судалгааны харьцуулах эталон, суурь материал болсон юм.