Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани МУИС-ийн Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрийн магистрантууд болон Жендэр судлалын төвийн багш нарт “Ардчилал ба жендэрийн эрх тэгш байдал” сэдвээр лекц уншлаа.
Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани, Канад улсын Элчин Сайдын Яамны Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Оюунбилэг нар Шинжлэх Ухааны Сургуулийн захирал Б.Болд-Эрдэнэ, Жендэр судлалын төвийн захирал Ц.Цэцэгжаргал, эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Түмэнгэрэл нартай уулзаж МУИС-д Жендэр судлалын хөтөлбөрийг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.
Канад улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн тусламжийн хөтөлбөр нь жендэрийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх, төрийн албаны чадавхыг нэмэгдүүлж, мэргэжлийн төрийн албыг төлөвшүүлэх зэрэг олон чиглэлд хэрэгжиж ирсэн. Канадын албан ёсны тусламжийн хүрээнд:
- Институцийн өөрчлөлтийн замаар эрдсийн менежментийг сайжруулах
- Монголын эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь
- Иргэн төвтэй, мэргэжлийн төрийн албыг төлөвшүүлэх
- Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээг сайжруулах нь
- Шүүх салбарын техникийн туслалцааны төсөл зэрэг төслүүд Монгол улсад амжилттай хэрэгжээд байна.