МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгуулагдав. Энэ удаагийн хуралдаанаар “МУИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн тайлан”, “МУИС-ийг 2025-2030 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г хэлэлцлээ.
ЭЗ-ийн төрөлжсөн хороодын санал дүгнэлт дээр үндэслэн сайжруулсан “МУИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн тайлан”-гийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, проректор Д.Заяабаатар, “МУИС-ийг 2025-2030 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, проректор Б.Даваасүрэн нар тус тус хийв. Хуралд стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцож, холбогдох тайлбарыг хийж, асуултад хариулсан юм.
Хурлын үр дүнд тайлан болон стратеги төлөвлөгөөнд ЭЗ-ийн гишүүдийн санал, зөвлөмж, дүгнэлтийг тусган сайжруулахаар тогтлоо. Сайжруулан засварласан тайлан, стратеги төлөвлөгөөг Удирдах зөвлөлд хүргүүлэхээр болов.
“МУИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн тайлан”, “МУИС-ийг 2025-2030 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г МУИС-ийн нийт эрдмийн хамт олонд түгээх болно.
Хуралдаан 11:30 цагт эхэлж, 12 цаг үргэлжлэн 23:30 цагт дуусав.