Хайж байна...

Мэндчилгээ | Шинэ оны мэнд дэвшүүлье

Share Button

Монгол Улсын Их Сургуулиар овоглодог эрдэмтэн багш, судлаач, оюутан залуус, ажилтан, төгсөгч, дэмжигч та бүхэнд айлчлан ирж буй 2025 оны мэндийг дэвшүүлье.

МУИС-ийн эрдмийн хамт олон 2024 онд Монгол Улсаас анх удаа дэлхийн их сургуулиудын эрэмбийг тогтоодог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education (THE)” байгууллагын 2024 оны эрэмбэд багтан, чансаагаараа 1501+ байранд эрэмбэлэгдсэн нь манай улсын шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал боллоо.

Түүнчлэн МУИС-ийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэх БМИҮЗ-ийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчид манай сургууль дээр ажиллаж МУИС-ийг 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэх шийдвэр гарган гэрчилгээ олгосон баяртай мэдээгээр шинэ оноо угтаж буйг дуулгахад таатай байна.

Монгол Улсын Их Сургуулийг 2025-2030 онд хөгжүүлэх “МУИС-ийн хөгжлийн стратеги төлөвлөгөө 2025-2030”-г боловсруулах ажлын хэсэг Ректорын зөвлөл, бүрэлдэхүүн болон салбар сургуулийн тэнхимийн эрхлэгч, Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо, Оюутны холбоо, оюутан конгресс, ажил олгогчдын төлөөллөөс тус тус санал авч Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Удирдах зөвлөлөөр батлууллаа. Шинэ оноос эхлэн МУИС-ийн гишүүн бүр их сургуулийнхаа хөгжлийн шинэ түүхийг хамтдаа бичиж эхлэх болно.

Эх орныхоо ирээдүйг эрдэм мэдлэгийн охиор тэтгэгч Эрдмийн хамт олондоо шинэ оны мэнд дэвшүүлж, амжилт бүтээлийн дээдийг ерөөе.

Эрдмийн хэт цахиваас Хөгжлийн гал бадармуй.

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар