
Уснэхийн Гонгоржав (1946-2025)
МУИС-ийн Түүхийн тэнхимийн ахмад багш, доктор, дэд профессор Уснэхийн Гонгоржав 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын түүхийн сургалт судалгаанд хүнд гарз тохиолоо.
Уснэхийн Гонгоржав нь 1946 оны 9 дүгээр сарын 20-нд Завхан аймгийн Ургамал суманд төржээ. 1964 онд Улиастай хотын 10 жилийн сургуулийг төгсөөд, улмаар 1964-1968 онд МУИС-ийн НУФ-ын Түүхийн ангид суралцаж, түүхч, түүхийн багш мэргэжил эзэмшсэн юм. 1968-1975 онд Ардын армийн 120 дугаар ангийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга, Улсын Түүхийн музейд эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байгаад 1975 оноос МУИС-ийн Түүхийн тэнхимд багшилж эхэлжээ. 1994 онд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж, 1995 онд МУИС-ийн дэд профессор цол хүртсэн билээ.
Тэрээр МУИС-д 50 жил багшлахдаа Монголын эртний түүх, Дундад зууны түүх, Монголын түүх бичлэг, Монголын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний түүх зэрэг хичээлүүдийг голчлон зааж, олон арван бакалавр, магистр, докторын ажлыг удирдаж, шүүмж бичиж хамгаалуулсан, үндэсний түүхч мэргэжилтэн бэлтгэх үйлсэд өөрийн ухамсарт амьдралаа зориулсан бид бүхний багш байлаа. Түүний шавь нар төрийн байгууллага, дотоод, гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж, үндэсний түүх судлалд чухал хувь нэмэр оруулж байна.
Тэрээр “Монголын эртний харвуул тэмцээн”, “Монголын эртний нүүдэлчид (МЭӨ II мянганаас МЭӨ III зуун)”, “Эртний дэлхийн түүх”, “Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүх”, “Дундад зууны түүхийн дээж бичиг”, “Дэлхийн иргэншлийн түүх” зэрэг 10 гаруй ном, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн юм.
Доктор, дэд профессор У.Гонгоржавын хөдөлмөр, гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, 1971 онд Ардын армийн 50 жил, 1981, 1991 онд Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, 1999 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2001 онд “Атрын 50 жилийн ойн медаль”, 2012 онд “Алтан гадас” одон, 2017 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнаж байв.
Доктор У.Гонгоржав багш маань эрдэм судлалын арвин туршлагатай, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээтэй, Монгол улсын шилдэг сэхээтэн, түүхийн ухааны тэргүүлэх эрдэмтдийн нэг байсан бөгөөд түүний ажилч хичээнгүй, шударга, эгэл даруу зан төлөв, өгөөмөр нинжин сэтгэл нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно. Түүний гэр бүл, хань, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАР
ТҮҮХИЙН ТЭНХИМ

