МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлт боллоо

Share Button

Өнөөдөр /2025.01.17/ МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн эрдмийн баяр (өвлийн төгсөлт)-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Дээд боловсролын ууган гал голомт Монгол Улсын Их Сургууль 1946 онд анхны төгсөлтөө хийж байсан бол 2024-2025 оны хичээлийн жилд 80 дахь удаагийн эрдмийн баяраа зохион байгууллаа. Өнөөдөр бакалаврын түвшний 708, магистрын түвшний 305, докторын түвшний 31, нийт 1044 төгсөгчид энгэрийн тэмдэг, диплом гардуулсан юм. 

80 дахь удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг  МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нээж хэлсэн үгэндээ “МУИС-ийг төгсөгчийн хувиар эрдэм мэдлэгтэй, олон талын ур чадварт суралцсан, харилцааны соёлтой, өв тэгш хүмүүжилтэй, улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх чадвар бүхий нийгмийн түүчээлэгч болж төлөвшсөн хэмээн бат итгэж” буйгаа илэрхийлж аливаад манлайлагч, түүчээлэгч, шинийг санаачлагч, шинжлэн дүгнэгч байж эх орныхоо хөгжил цэцэглэлтийг цогцлоох үйлст манлайлж явахыг захилаа.

Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУИС-ийн профессор, Монгол Улсын Зөвлөх инженер Л.Жаргал, МУИС-ийн профессор Н.Алтанцэцэг, МУИС-ийн профессор Я.Отгонсүрэн, Монгол Улсын Гавьяат багш Ж.Даваа нар төгсөгчдөдөө үнэт сургааль, урам итгэлийн үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Мөн нийт төгсөгчдийг төлөөлөн Хэл шинжлэлийн ухааны доктор Б.Нямжав, “Төрийн удирдлага” хөтөлбөрийн төгсөгч Б.Аминаа, Бизнесийн сургуулийн төгсөгч Ш.Мөнх-Эрдэнэ, Шинжлэх ухааны сургуулийн төгсөгч Г.Тэмүүжин нар үг хэлж, эрхэм багш профессорууд, төрөлх сургууль, гэр бүл, анд найзууддаа талархал илэрхийлэн амжилт хүслээ.

Өчигдөрхөн сурч, мэдэхийн төлөө тэмүүлж байсан МУИС-ийн оюутнууд өнөөдрөөс хийж бүтээхийн төлөө зорьсон МУИС-ийн төгсөгч боллоо. МУИС хэмээх эрдмийн овгоор овоглодог 100,000 гаруй мянган төгсөгчдийн халуун ам бүлд нэгдэж буй нийт төгсөгчдөдөө амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Эрдмийн баярын үйл ажиллагааны зураг татах холбоос

I ээлж

II ээлж

III ээлж

IV ээлж

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар