2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Орчуулагчийн анхан шатны бичгийн орчуулгын цогц чадварын туршилт шалгалт” авахаар тов гарлаа. Туршилт шалгалтаар орчуулагчийн ур чадвар анхан шатны түвшинд хүрсэн нь тогтоогдвол гуравдугаар зэргийг батламжилсан гэрчилгээ олгоно.
Орчуулагчийн зэрэг олгох шалгалт нь тодорхой аргачлалын дагуу зохиогдсон бөгөөд эх хэл ба гадаад хэлний мэдлэг, гадаад хэл-эх хэл, эх хэл-гадаад хэлний орчуулгын ур чадварыг шалгах бичгийн орчуулгын цогц чадварын шалгалт юм. Шалгалтад дараах холбоосоор бүртгүүлээрэй. https://forms.gle/F3rhXgsiCcgFerjP8
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Монголын Орчуулагчдын Анхдугаар Чуулганы урьдчилсан хэлэлцүүлгээр гарсан нийт саналын 29%-ын санал бол орчуулагч, хэлмэрч мэргэжилтний ур чадварыг үнэлэх нь зайлшгүй болох тухай байсан бөгөөд МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төв 2021 оноос манай орны орчуулагч, хэлмэрч мэргэжилтний чадамжийн судалгааг хийж, зэрэг тогтоох сорилгын аргазүй, аргачлалыг боловсруулан, энэ 2025 оноос орчуулагч, хэлмэрчийн 3-р зэргийн туршилт шалгалтыг ийнхүү эхлүүлж байна.
2025 оны орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох (MATTI) шалгалтын хуваарь мөн гарсан байна. Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох шалгалтыг анхан шат (гуравдугаар зэрэг), дунд шат (хоёрдугаар зэрэг), дээд шат (нэгдүгээр зэрэг) гэсэн дэс дарааллаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уг шалгалтын сорилгыг шалгуулагч шат дараалалтай шалгуулж, цогц ур чадвараа үнэлүүлэн, зэргээ ахиулах олон улсын жишгийн дагуу орчуулагч, хэлмэрчийн орчуулах ба хэлмэрчлэх цогц ур чадварыг үнэлэхээр боловсруулжээ.