“Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс МУИС-д хэвлэлийн болон студийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо 

Share Button

“Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс МУИС-д хэвлэлийн болон студийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Арга хэмжээнд, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Кондо Казумаса, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн нэгжийн дарга Д.Намсрай болон бусад зочин төлөөлөгчид оролцов. 

Үйл ажиллагааг нээж, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг үг хэлсэн ба  тэрбээр, “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс санхүүжүүлж буй “Инженерчлэлийн сургалтын цахим агуулга хөгжүүлэлт ба Академик хэвлэл” төсөл МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв, МУИС-Хэвлэлийн газарт хэрэгжиж буйг дурдаад төслийн үндсэн зорилгыг онцоллоо. Төслийн үндсэн зорилго болох инженер, технологийн чиглэлийн хөтөлбөрүүдийн сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулахад дэд бүтэц буюу орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай.  

Энэхүү хэрэгцээ шаардлага бодит ажил болж “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс 42 нэр төрлийн, 957 сая гаруй төгрөгийн өртөг бүхий хэвлэлийн болон студийн тоног төхөөрөмжийг манай сургууль хүлээн аваад байна.  

Түүнчлэн 2024 оны долдугаар сард энэхүү төслийн хүний нөөцийг чадавхжуулах зорилтын хүрээнд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвийн хамт олон Япон Улсын “Open University of Japan” их сургуульд цахим хичээл бэлтгэх зэргийн бус  богино хугацааны сургалтад хамрагдаж хоёр их сургуулийн хамтарсан контент болон 1000-инженер төслөөр суралцан төгссөн хоёр судлаачийн судалгааны ажлын талаарх товч танилцуулга бэлтгэсэн билээ. 

Цаашид хүний нөөцийг чадавхжуулах, жишиг цахим хичээлүүд бэлтгэх, ном сурах бичиг хэвлэх зэрэг ажлыг өнөөдөр хүлээн авч буй энэхүү орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн туслалцаатайгаар төслийн хугацаанд амжилттай дуусгана гэдэгт итгэлтэй байна. “МУИС-ийн стратеги төлөвлөгөө 2025-2030”-г шинэ оны босгон дээр шинэчлэн батлахдаа насан туршийн суралцахуй, цахим сургалтыг дэмжих, ном, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарсан бөгөөд эдгээр зорилгыг биелүүлэхэд тус төслийн үр нөлөө чухал үүрэгтэй байх болно.  Дашрамд дурдахад, “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийн хүрээнд инженер, технологийн чиглэлээр манай сургуулиас 10 магистр, 37 доктор амжилттай төгсөж, 115 судлаач зэргийн бус сургалтад хамрагдаж, 87 хүн зочин судлаачаар ажилласан байна. МУИС-ийн судалгааны орчин, нөхцлийг сайжруулах, лабораторийн тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах зорилгоор 288 сая иен буюу 7.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий судалгааны тоног төхөөрөмжийг тус төслийн зүгээс нийлүүлжээ. Цаашид бидний хамтын ажиллагаа өргөжиж, үр дүн, амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе” гэлээ. 

Мөн энэ үеэр Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвийн эрхлэгч С.Отгонцэцэг төслөөр авсан тоног төхөөрөмжийн ач холбогдол, ашиглалтын талаар танилцуулсан ба уригдсан зочид төлөөлөгчид ИТДБ төслөөр авсан тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа.   

 Зураг татах холбоос: https://we.tl/t-y7SdOY6oWM

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар