Италийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

Share Button

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета тэргүүтэй төлөөлөгчдийг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд эрхэмсэг хатагтай Жованна Пиккарретта хүлээн авч буйд нь МУИС-ийн удирдлагад талархлаа илэрхийллээ.

Ректор Б.Очирхуяг МУИС-тай хамтран ажилладаг италийн их дээд сургуулиудын талаар товч мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Трентогийн их сургуультай мэдээллийн технологийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд Венецийн Ка Фоскари их сургуультай багш, оюутан солилцох, Торгоны замын сүлжээ байгууллага (Silk-road Universities Network)-ын гишүүн италийн их дээд сургуулиудтай түүх, археологи, соёлын салбар дахь түншлэлийг хөгжүүлэн ажилладаг талаар онцолж цаашид италийн их дээд сургуулиуд төдийгүй эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, сан болон хүрээлэнгүүдтэй хамтран эрдэм, судлалын үйл ажиллагааг өргөжүүлэх саналаа илэрхийлэв.

Элчин сайд саналыг элэгсгээр хүлээн авч МУИС-ийн хамт олонд итали хэл, соёлыг түгээн ажилладагт нь талархлаа илэрхийлээд МУИС-ийн итали хэлний багшид 4800 еврог 30 сурах бичгийн хамт оюутан залуучуудад итали хэлийг идэвхийлэн суралцахад нь зориулж хандивлаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Ректор Б.Очирхуяг эрхэмсэг хатагтай Жованна Пикареттад гүн талархаад итали, хэл соёлыг түгээн дэлгэрүүлэхэд улам бүр хичээн ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд энэ жил Монгол улс, Итали улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг тэмдэглэн дурдаад ойн хүрээнд хоёр улсын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн ажиллахаар зорьж буйгаа илэрхийллээ. Ректор энэхүү зорилгын хүрээнд сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, италид төгсөгчдийн холбоог байгуулах, тус улсад суралцаж төгссөн багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд оролцуулах нь зүйтэй талаар саналаа хэлэв.

Талууд хоёр улсын эрдэмтдийн хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах замаар Марко Пологийн замын тэмдэглэлийн талаар нэгдмэл ойлголтыг нийгэмд хүргэн ажиллах талаар санал нэгдсэн юм.

Мөн энэ оны 2 дугаар сарын 21-ний өдөр Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллагын дэргэдэх Цөмийн энергийн агентлагийн ерөнхий захирал Уилям Магвүүдийг Монгол улсад айлчлах үеэр МУИС, Италийн ЭСЯ, Канадын ЭСЯ болон МУИС хамтран лекц зохион байгуулах талаар тохиролцлоо.

Уулзалтад МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар болон хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар оролцов.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар