Өнөөдөр /2025.02.12/ ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон МУИС хамтран хэрэгжүүлж буй “JICA Chair” буюу “Японы модернизац, Хөгжил судлал” хичээлийн хүрээнд зохион байгуулдаг нээлттэй тусгай лекц “Япон Улсын иргэдийн оролцоог хангасан Тээвэрт суурилсан хөгжил буюу TOD /Transit-oriented development/-ын туршлага” сэдвээр боллоо.
Зочин илтгэгчээр Алмек Корпорацийн Гадаад улс орнуудын төсөл хөтөлбөрийн Нэгдсэн төлөвлөлтийн газрын Ерөнхий менежер Абэ Томоко оролцож манай улсад тулгараад буй томоохон сорилтуудын нэг болох нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх Япон Улсын туршлагын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн, оролцогчдын асуултад хариулав.
Нээлттэй тусгай лекцийн өмнө МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, Алмек Корпорацийн Гадаад улс орнуудын төсөл хөтөлбөрийн Нэгдсэн төлөвлөлтийн газрын Ерөнхий менежер Абэ Томоко нарын зочдыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
“JICA Chair” буюу “Японы модернизац, Хөгжил судлал” хөтөлбөр нь дэлхийн олон оронд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Япон Улс болон өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн профессорууд Монголын багш нартай хамтардаг онцлогтой. Тус хичээлийг МУИС-ийн профессор С.Баттулга удирдан явуулдаг бөгөөд МУИС-ийн оюутан суралцагч, түүнчлэн сонирхсон иргэд сонгон судлах боломжтой юм.