“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий МУИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд цол, одон, медаль хүртээснийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ардын багш цол хүртсэн МУИС-ийн профессор Г.Хүүхэнхүү, Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн МУИС-ийн дэд профессор Т.Мөнхцэцэг нарыг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн МУИС-ийн дэд профессор Т.Мөнхцэцэгийн шавийн хувиар багшдаа хүндэтгэл үзүүлсэн бөгөөд сар шинийн босгон дээр гавьяа шагналаа үнэлүүлсэн МУИС-ийн багш, ажилтнуудад баяр хүргэж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, МУИС-ийн ахмад ажилтан Г.Оюунчимэг нар шагнагдсан байна.
Алтангадас одонгоор МУИС-ийн зөвлөх дэд профессор С.Бурмаа, МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн дэд профессор Б.Хишигням, МУИС-ийн ахмад ажилтан Д.Энхлхам, МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын слесарь Т.Пүрэвдаваа нарыг шагнасныг гардуулав.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын Хичээлийн байрны зохион байгуулагч Д.Батдэлгэрийг шагнасныг гардуулан өглөө.
Шагнал хүртсэн нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.