МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгуулагдав. Энэ удаагийн хуралдаанаар “МУИС-ийн Сургалтын хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын журам”-ын төслийг хэлэлцлээ.
Журмын төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, проректор Д.Заяабаатар хийж, журам боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцож, холбогдох тайлбарыг хийж, асуултад хариулав. ЭЗ-ийн гишүүдийн санал, зөвлөмж, дүгнэлтийг тусган сайжруулж журмыг шинэчлэн баталлаа.
Хурал 12:30 цагт эхлэж, 7 цаг 30 мин үргэлжлэн 20:15 цагт дуусав.
ЭЗ-ийн хурлыг 2025 оны 4 дүгээр сарын 11-нд үргэлжлүүлэн хуралдахаар гишүүд шийдвэрлэснээр 4 дүгээр сарын 11-нд хуралдав. Энэ хурлаар “МУИС-ийн Сургалтын үйл ажиллагааны журам”, “МУИС-ийн Эндаументын сангийн журам”-г хэлэлцлээ.
“МУИС-ийн Сургалтын үйл ажиллагааны журам”-ын танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, проректор Д.Заяабаатар, “МУИС-ийн Эндаументын сангийн журам”-ын танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуу нар тус тус хийв. Хуралд журам боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцож, холбогдох тайлбарыг хийж, асуултанд хариулав.
Журмуудыг ЭЗ-ийн гишүүдийн санал, зөвлөмж, дүгнэлтийг тусган сайжруулахаар тогтлоо. Сайжруулан засварласан “МУИС-ийн Эндаументын сангийн журам”-г Удирдах зөвлөлд хүргүүлэн хэлэлцүүлэхээр болов.
Шинэчлэн батлагдсан “МУИС-ийн Сургалтын хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын журам”, “МУИС-ийн Сургалтын үйл ажиллагааны журам”-г МУИС-ийн нийт эрдмийн хамт олонд түгээх болно.
Мөн хуралдаанаар “МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журам”-г ажлын хэсэг байгуулан шинэчлэх, МУИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүд, шинжээч нарын нууц санал хураалтыг цахимаар хийхээр тогтов.
Хуралдаан 12:30 цагт эхэлж, 8 цаг 20 мин үргэлжлэн 20:50 цагт дуусав.