МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн бакалавр болон ахисан түвшний оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2025”-ыг амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн ИТС-ийн бакалавр болон ахисан түвшний оюутнуудын дунд 2 үе шаттайгаар зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Бакалаврын түвшинд тус сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан 9 оюутан оролцож, судалгааны ажлаа хэлэлцүүлснээс дараах оюутнууд шагналт байрыг эзэллээ. Үүнд:

  • Тэргүүн байр: Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн Химийн боловсруулалтын технологи хөтөлбөрийн IV түвшний оюутан Ц.Төгсхүслэн (Удирдагч багш: Профессор Д.Эрдэнэчимэг), “Металл агуулсан хаягдлыг микро-организмын тусламжтай боловсруулах хими-технологийн судалгаа” сэдэвт илтгэлээр,
  • Дэд байр: Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн Химийн инженерчлэл хөтөлбөрийн IV түвшний оюутан Э.Зоригтбаатар (Удирдагч багш: Профессор Б.Энхсаруул), “Drop-tube, Fixed-bed хосолсон реакторт усны уурын оролцоотой нүүрсийг хийжүүлэх судалгаа” сэдэвт илтгэлээр,
  • Гуравдугаар байр: Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Номингэрэл (Удирдагч багш: Профессор Ц.Соёл-Эрдэнэ, Дэд профессор Б.Оюунсанаа), “Ой модны үлдэгдэл, хаягдлаас үртсэн шахмал түлш гаргаж авах судалгаа” сэдэвт илтгэлээр,
  • Гуравдугаар байр: Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Анар-Эрдэнэ (Удирдагч багш: Профессор Ч.Сономдагва, Доктор Б.Чүлтэм), “Хүний үйл ажиллагаа болон бичил орчноос хамаарч хувь хүний PM5-д өртөх өртөлт” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.

Бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах комисс, хурлын оролцогчид

Бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний хуралд шалгарсан илтгэгчид

Aхисан түвшинд тус сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхим, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан 6 оюутан оролцож, судалгааны ажлаа хэлэлцүүллээ. Эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн оюутнууд:

  • Тэргүүн байр: Химийн боловсруулалтын технологи хөтөлбөрийн докторант Т.Бүжинлхам (Удирдагч: Профессор Д.Эрдэнэчимэг, Дэд профессор Р.Чинзориг), “Төмөр ба хүхэр исэлдүүлэгч омгийн бактериар зэсийн ядуу хүдрийг биошүлтгүйжүүлэх” сэдэвт илтгэлээр,
  • Дэд байр: Био-инженерчлэл хөтөлбөрийн докторант Б.Бүжин (Удирдагч: Профессор Ж.Батхүү, Дэд профессор Б.Даваапүрэв), “Саваан булган сүүл (Chloris virgata)-ээс гангийн стресст тэсвэрлэх чадварыг нөхцөлдүүлдэг генийг илрүүлсэн нь” сэдэвт илтгэлээр,
  • Гуравдугаар байр: Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн докторант Н.Болдбаатар (Удирдагч: Доктор Б.Баяртунгалаг), “Зайнаас тандан судлалын олон эх сурвалжийн өгөгдлийг ашиглан бэлчээрийн биомассыг тооцоолох аргазүйн асуудалд (Төв аймгийн Баяндэлгэр сумын жишээн дээр)” сэдэвт илтгэлээр,
  • Гуравдугаар байр: Химийн боловсруулалтын технологи хөтөлбөрийн магистрант Ц.Тунгалагмөрөн (Удирдагч: Дэд профессор Б.Туяагэрэл, Дэд профессор Г.Тамираа), “Бэлчээрийн малын сүүгээр хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэх боломж” илтгэлээр тус тус шалгарлаа.

Ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах комисс, хурлын оролцогчид

Ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний хуралд шалгарсан илтгэгчид

Эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцсон нийт оюутнууд болон шүүгчийн бүрэлдэхүүнд ажилласан эрдэмтэн, багш нартаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсье.

Эрдмийн хэт цахиваас,

Хөгжлийн гал бадармуй.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар