ХЗС-ийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Share Button
МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-2025” эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь оюутны чөлөөтэй сэтгэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, эрх зүйн сэтгэлгээний логик, шинжлэх ухаанч судалгааны арга зүйг эзэмшүүлэх, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих ур чадварт суралцуулах зорилготой юм. Тус эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 40 гаруй оюутан илтгэлээ ирүүлснээс эхний үе шатанд шилдэг 8 оюутныг шалгаруулж хоёрдугаар үе шатанд шалгарсан оюутнууд илтгэлээ хэлэлцүүллээ.
Хурлын хоёрдугаар шатны шүүгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа (Ph.D), МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Сүхчулуун (Ph.D), Хууль зүй, дотоод хэргийн яамны Сургалт, судалгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган, Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Орших (Ph.D), Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа нар ажиллав.
  • Тэргүүн байр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4 дүгээр түвшний оюутан О.Хүслэн, Ө.Энхжин нар “Таван хошуу малын учруулсан гэм хорын хариуцлага ба задгай бэлчээр” сэдвээр;
  • Дэд байр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4 дүгээр түвшний оюутан Д.Ариунзаяа, М.Үүрийнтуяа нар “Хиймэл оюун ухааныг ашиглан гэмт хэрэг үйлдэж байгаатай холбоотой тулгамдсан асуудал ба хариу арга хэмжээ” сэдвээр;
  • Гутгаар байр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Б.Оюунтунгалаг “ТӨК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүнд тавигдах шаардлага: Харьцуулсан судалгаа” сэдвээр;
  • Шилдэг шүүмжлэгч оюутнаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар түвшний оюутан Т.Анужин нар тус тус шалгарлаа.
Түүнчлэн “МУИС-ийн Хуулийн факультетийн багш асан, ШУА-ын харьяа философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Төр эрх зүйн секторын анхны эрхлэгч, Хууль зүйн доктор Бадамын СОДОВСҮРЭН агсны нэрэмжит шагнал”-ыг академич, МУИС-ийн Эмерит профессор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D) С.Нарангэрэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Б.Билэгдэмбэрэлд гардууллаа.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар