Профессор Я.Отгонсүрэнгийн нэрэмжит “Маркетинг, худалдааны хөгжлийн асуудлууд” сэдэвт оюутан, суралцагчдын үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

Share Button
Монгол Улсын Их Сургуулийн профессор Я.Отгонсүрэнгийн нэрэмжит үндэсний хэмжээний “Маркетинг, худалдааны хөгжлийн асуудлууд” сэдэвт оюутан, суралцагчдын эрдэм шинжилгээний хуралд МУИС, ШУТИС, ХААИС, СЭЗИС, Мандах их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль болон Идэр их сургуулиас 30 гаруй илтгэл ирснээс 11 нь эхний шатнаас шалгарч 2025.05.02-ны өдөр амжилттай хэлэлцүүлж дараах оюутнууд шилдгээр шалгарлаа.
  • I байрт “Маркетингийн ёс зүй нь худалдан авагчдын хандлагад нөлөөлөх нь” сэдвээр МУИС-ийн оюутан С.Болормаа шалгарч өргөмжлөл, 1,000,000 төгрөг, NUM SHOP бүтээгдэхүүнээр;
  • II байрт “Хэрэглэгчийн худалдан авах хандлагад хиймэл оюуны (AI) үзүүлэх нөлөөлөл” сэдвээр МУИС-ийн оюутан Б.Нямгэрэл шалгарч өргөмжлөл, 800,000 төгрөг, NUM SHOP бүтээгдэхүүнээр;
  • III байрт “Тогтвортой маркетингийн ногоон зан төлөвийг хэвшүүлэх нь” сэдвээр  Мандах их сургуулийн оюутан Б.Болорчимэг, “Хэрэглэгчийн гоо сайхны мэсийн болон мэсийн бус ажилбар хийлгэх хүсэл эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” сэдвээр МУИС-ийн оюутан Г.Номин-Эрдэнэ тус тус шалгарч өргөмжлөл, 500,000 төгрөг, NUM SHOP бүтээгдэхүүнээр;
  • Тусгай байрт: “Брэндийн хэрэглээний онцлог, танигдсан байдлын судалгаа” сэдвээр ХААИС-ийн оюутан Ч.Мягмардулам, “Хэрэглэгчийг үнэ цэнийн үзүүлэлтээр сегментчилэх нь” сэдвээр Мандах их сургуулийн оюутан Б.Бат-Отгон тус тус шалгарч өргөмжлөл, 300,000 төгрөг, NUM SHOP бүтээгдэхүүнээр шагнагдав.
Хурлын хүрээнд маркетингийн ёс зүй, тогтвортой маркетинг, хиймэл оюун ухаан, электрон тамхи, цахим худалдаа, хил дамнасан цаасгүй худалдаа зэрэг олон сонирхолтой асуудал хөндөж,  судалгааныхаа үр дүнг танилцуулсан. Мөн ахисан түвшний суралцагчийн 4 илтгэл хэлэлцэгдлээ.
Үндэсний хэмжээний хурлын эхний хэсэгт проф. Я.Отгонсүрэнгийн хөдөлмөр бүтээлийн замналаар хамтдаа аялж, эрхэм багшдаа үе үеийн төгсөгч шавь нар, ажлын хамт олон хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлсэн сайхан арга хэмжээ болж өнгөрөв. Тус хурлыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхимээс зохион байгуулсан ба “Нэг бүс – Нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академи, MMCG маркетингийн судалгааны компани ивээн тэтгэж оролцлоо. Мөн хурлын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсэн үе үеийн төгсөгч шавь нартаа баярлалаа.
Оролцсон бүх судлаач оюутан, суралцагчдынхаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар