Япон Улсад мэргэжлийн дадлага хийх хөтөлбөрийн хамтын ажиллагааны уулзалт боллоо

Share Button

Монгол Улсын Их сургуулийн инженерийн хөтөлбөрийн суралцагчдыг Япон улсад мэргэжлийн дадлага хийх боломжийг олгож буй “ITGEL INTERNSHIP” хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

2024-2025 оны хичээлийн жилд тус хөтөлбөрт МУИС-ийн Компьютерын ухаан хөтөлбөрийн суралцагч Б.Эрхбаяр, Мэдээллийн технологи хөтөлбөрийн суралцагч Б.Раднаабазар, Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн суралцагч Г.Бумчин, Нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн суралцагч Т.Номин, Био-инженерчлэл хөтөлбөрийн суралцагч З.Хонгорзул нар шалгарч, Япон улсын нэр бүхий компаниудад ажиллаж, онолын мэдлэгээ бататган, ур чадвараа хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Оюутны хөгжлийн газар хөтөлбөрийн хамтын ажиллагааны уулзалтыг 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад Япон улсын 14 компани, Японы 4 мужийн төлөөлөгчид, ЖАЙКА, AsiaSEED зөвлөх болон Монгол Улсын Их сургуулийн төлөөлөгчид оролцож, дадлагын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчдын оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Талууд инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан дадлагын хөтөлбөрийг өргөжүүлэн хөгжүүлэх, хамрагдах оюутнуудын тоог нэмэгдүүлэх, төгсөгчдийг японы компаниудын ажлын байранд зуучлах зэрэг асуудлыг хэлэлцэн санал солилцов. Мөн Япон улсад дадлага хийж буй оюутнуудын япон хэлний мэдлэг, соёлын дасан зохицох чадварыг дээшлүүлэх, ажил олгогчдын шаардлагад нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сургалт, хэлний дамжаа, соёлын солилцооны хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцов.

Түүнчлэн МУИС болон Япон талуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, Монгол оюутнуудын ур чадварыг хөгжүүлэх, өндөр ур чадвар бүхий инженер бэлтгэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Япон улсын хөдөлмөрийн зах зээлд төгсөгчдийг амжилттай ажиллахад шаардлагатай мэдээлэл, туршлага, дэмжлэг үзүүлэх боломжуудыг хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлсон юм.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар