Монгол Улсын Их Сургууль болон Худалдаа, хөгжлийн банк Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Хоёр байгууллагын удирдлагууд ойрын хугацааны өрнөж буй болон төлөвлөж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцоод санамж бичгийн хүрээнд олон чиглэлээр хамтран ажиллах нөхцөл бүрдсэнд баяртай буйгаа илэрхийллээ.
Талууд санамж бичгийн хүрээнд оюутны сургалтын төлбөрийг тооцооны ногоон цахим шийдлээр зохицуулах; ногоон зээлийн үйлчилгээ үзүүлэх, банкны эрэлт хэрэгцээнд суурилсан хамтарсан судалгаа шинжилгээний ажил явуулах, МУИС-ийн багш, ажилтнуудын цалинг ХХБ-аар дамжуулахыг эрмэлзэх, багш, оюутнуудад хэрэглээний зээл олгох тал дээр хамтрах, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай мэдээллийг харилцан солилцох байдлаар хамтран ажиллахаар тохиролцов.
Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд МУИС-ийн зүгээс Ректор профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар болон Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар оролцсон бөгөөд ХХБ-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал О.Орхон, Гүйцэтгэх захирлын орлогч Г.Ганцэцэг, Байгууллагын банкны газрын захирал Б.Оргил, Ногоон санхүүжилтийн албаны дарга Д.Нямсүрэн болон харилцааны менежер Б.Билгүүн нар оролцлоо.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР