Шинжлэх ухаан технологийн паркийн эрх зүйн байдлын талаарх судалгааны товч дүнгээс

Share Button

Дэлхийн улс орнуудад шинжлэх ухаан, технологийн парк (ШУТП) нь инновац, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн орчинтой холбох гол төв болж хөгжжээ. Дэлхийн улс орнуудад ийм парк нь салбар дундын шинэ салбар бий болгох, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, инноваци нэвтрүүлэн, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна.

МУИС-ийн  Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк  дээр 2024-2025 оны хичээлийн жилд GMP стандартад нийцсэн засвар үйлчилгээний цех, гэр лабораторийн шугамыг “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулсан бөгөөд 2025 оны 9-р сарын сүүлээр нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн зүгээс  инновац, технологийн чиглэлийн байгууллагын төлөөллүүд болох шинжээчдийн дунд санал асуулга явуулав.

Монгол улсад шинжлэх ухааны ололтыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог хөгжүүлэх, мэдлэгийг лабораторийн судалгаа хөгжүүлэлтээс нийгэм эдийн засгийн хэрэглээнд нэвтрүүлэх инновацийн экосистемыг бэхжүүлэхэд их сургууль түшиглэсэн шинжлэх ухаан технологийн парк чухал үүрэгтэй билээ.

Монгол улсын тухайд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацийн тухай зэрэг хууль батлагдсан бөгөөд эдүгээ шинжлэх ухаан, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа аж. Тус хуулийн төсөлд мэргэжлийн шинжээчдийн санал бодол, туршлагыг тусгах, шийдвэр гаргагчдад эрдэмтэн судлаачдын бодит эрэлт хэрэгцээг таниулах зорилгоор Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн зүгээс  инновац, технологийн чиглэлийн байгууллагын төлөөллүүд болох шинжээчдийн дунд санал асуулга явууллаа.

Энэхүү судалгаанд инновац, технологийн чиглэлийн шинжээчид нийт 49 хүн оролцсон бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, их сургуулийн багш, ахисан түвшний оюутан, бизнесийн төлөөллийг түүвэрлэн хамруулж 2025 оны 5-6 дугаар саруудад анхдагч мэдээллийг тоон судалгааны асуумжийн аргаар цуглуулж дүгнэлээ. Судалгааг ШУТП-ийн эрх зүйн байдал, удирдлага төсөв гм  холбоотой 12 агуулгын хүрээнд авч, үр дүнг нэгтгэн доорхи дүгнэлтүүдийг хийснээ товчоолон хүргэж байна.

Нэгдүгээрт, оролцогчдын 61% нь эмэгтэй, 39% нь эрэгтэй байсан бөгөөд насны хувьд 36–55 насныхан зонхилж, боловсролын түвшинд доктор, профессор зэрэг, цолтой эрдэмтэд давамгайлсан байна. Тэдний 76% нь их сургуулийн багш, үлдсэн хэсэг нь гарааны бизнес эрхлэгч болон судалгааны байгууллагын ажилтнууд байв. Энэ нь ШУТП-ийн хөгжилд их сургуулийн оролцоо ямар чухал болохыг харуулж байна.

Хоёрдугаарт, оролцогчдын тал нь ШУТП-ийг их сургуулийн дэргэд байгуулах нь хамгийн оновчтой гэж үзсэн бол өмчлөлийн хувьд 47% нь төр–хувийн хэвшлийн хамтарсан оролцоог илүүд үзжээ. Энэ нь олон улсын чиг хандлагатай нийцэж буй хэрэг юм.

Гуравдугаарт, ШУТП-ийн үйл ажиллагааны гол чиг үүрэгт гарааны компани байгуулах, бойжуулах (76%), судалгаа хөгжүүлэлт (76%), технологи дамжуулалт (71%), технологи зүгшрүүлэлт (69%) орж байна. Мөн бизнесийн ментор бэлтгэх, дундын оффис, хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ. Харин хамгийн их эрэлттэй үйлчилгээ нь оюуны өмчийн сургалт (46%), технологи зүгшрүүлэх цех (48%), бүтээгдэхүүний борлуулалт, зах зээлд нэвтрүүлэх дэмжлэг (41%) гэж судалгаанд дурдагдсан байна.

Дөрөвдүгээрт, санхүүжилтийн хувьд ШУТП-ийг инновацын сан (71%), төрийн болон орон нутгийн төсөв (67%), хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт (63%) зэрэг олон эх үүсвэрээс санхүүжүүлэх нь оновчтой гэж үзжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалт татах (49%), үйл ажиллагааны орлого (47%), өөрийн хөрөнгө (45%) зэргийг ч боломжит хувилбар хэмээн үзжээ.

Эдгээр саналд тулгуурлан төрөөс эндаумент болон технологийн сан байгуулах, хувийн хөрөнгө оруулалтад татварын дэмжлэг үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, мөн гарааны бизнесүүдийг тодорхой хугацаанд татвар, гаалийн хөнгөлөлтөд хамруулах зэрэг бодлогын урамшууллыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэгдэв. Шинэ технологи, инновацын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих нь гарааны бизнесийн хөгжлийг түргэсгэх чухал түлхүүр гэж үзжээ.

Тавдугаарт, удирдлагын тогтолцооны талаар судалгаанд оролцогчдын 51% нь ШУТП-д инновац, технологийн зөвлөл ажиллах ёстой гэж үзсэн бол 25% нь удирдах зөвлөлийг, 25% нь эрдмийн зөвлөлийг чухалчилжээ. Менторын хувьд 57% нь бизнесийн салбарын туршлагатай хүн, 43% нь академик багш, судлаач байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв.

Зургаадугаарт, ШУТП-ийн хөгжилд тулгарч буй хамгийн том бэрхшээл нь санхүүжилтийн дутагдал (43%) гэж судалгаанд оролцогчид онцолсон. Тогтвортой хөрөнгө оруулалтын эх үүсвэргүйгээс шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж хязгаарлагдаж, паркийн үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй байна. Мөн дэд бүтэц хангалтгүй (39%) нь лаборатори, туршилтын бааз, үйлдвэрлэлийн цехийн хүрэлцээгүй байдалд илэрч, инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл явцад саад болж байна. Үүнээс гадна хүний нөөцийн чадавх сул (37%) байгаа нь мэргэжлийн инженер, судлаач, бизнесийн зөвлөх зэрэг нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг харуулсан.

Долоодугаарт, корреляцийн шинжилгээний дүнгээс харахад технологийн дамжуулалт ба зүгшрүүлэлт (r=0.92), судалгаа хөгжүүлэлт ба дамжуулалт (r=0.74), судалгаа хөгжүүлэлт ба зүгшрүүлэлт (r=0.61) зэрэг чиглэлүүд шууд хамааралтай  болох нь тогтоогдсон. Мөн төрийн дэмжлэгийн төрөл, санхүүжилтийн эх үүсвэрүүд хоорондоо багц хэлбэрээр сонгогдох хандлагатай байв. Энэ нь ШУТП-ийн үйл ажиллагааг салангид бус, харилцан уялдаа бүхий цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэж байна.

Наймдугаарт, дисперсийн (ANOVA) шинжилгээний дүнгээс харахад судалгаа хөгжүүлэлт болон гарааны бизнесийн дэмжлэгийн чиглэлээр их сургуулийн хувилбар хамгийн оновчтой болох нь батлагдлаа. ШУА-ийн хувилбар нь технологийн дамжуулалт, зүгшрүүлэлтэд тодорхой давуу талтай боловч өргөн хүрээний инноваци, бизнесийн экосистемийн хувьд хязгаарлагдмал гэж үнэлэгдэв.

Судалгаанд хамрагдсан шинжээчдийн санал бодлыг дүгнэн шинжилсний үндсэн дээр ШУТП-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд дараах гол саналуудыг  дэвшүүлж болохоор байна. Үүнд:

  • Шинжлэх ухаан технологийн парк нь мэдлэгийг инноваци болгож, улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг институци болохын хувьд Монгол улсад нутагшуулж, инновацийн эко систем болгон өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай байна.
  • Парк нь оролцогч талуудын өргөн оролцоонд суурилж, гарааны бизнес болон инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмждэг байх
  • Засаглалын хувьд компаний засаглалын хэв шинжид түшиглэсэн, бизнес, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан байх,
  • Инновацын сан болон төр, орон нутгийн төсвөөс гадна эндаумент, технологийн сан зэрэг  санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэр бий болгох, судалгаа хөгжүүлэлт, технологи, инновацийн чиглэлээрх хувийн хөрөнгө оруулалтад татвар, санхүүгийн зохицуулалтын дэмжлэг үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогод ШУТП-ийн чиглэлийг тусгах;
  • ШУТП байгуулахад өмчийн хэлбэрээс үл хамааран тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр, харин магадлан итгэмжлэл, стандарт мөрдүүлэх зохицуулалт бий болгох;
  • ШУТП-ийн дэргэд хэрэгжиж буй гарааны бизнесийн төслүүдийг тодорхой хугацаанд гааль, орлогын албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх;
  • Шинэ технологи, инновацын бүтээгдэхүүнийг төрийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр шууд худалдан авалтаар дэмжих;
  • Гарааны бизнесийг менторын тогтолцоогоор дэмжиж, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх;
  • ШУТП болон гарааны компани хамтран хөгжүүлсэн бүтээгдэхүүнд оюуны өмчийг хамтран эзэмших зохицуулалт хийх.

Төгсгөлд нь энэхүү судалгааны дэлгэрэнгүй үр дүн, тайланг цаашид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэхийн сацуу шийдвэр гаргагчид хүргүүлэхээр зэхэж байна. Эрхэм хүндэт багш, мэргэжилтэн, судлаач, оюутан суралцагч та бүхэн доорх цахим хаягаар бидэнд санал, зөвлөмжөө ирүүлээрэй.

 

МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк

Цахим шуудан: assistant_ubs@num.edu.mn

Цахим хаяг: https://ubs.num.edu.mn

2025-09-04

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар