ЭМГЭНЭЛ
Пүрэвийн Бямбажав /1939-2025/
МУИС-ийн ахмад багш Пүрэвийн Бямбажав 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж Монголын цаг уурын салбарт хүнд гарз тохиолоо.
МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимийн ахмад багш П.Бямбажав 1939 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төржээ. Тэрээр 1951 онд Сайхан-Овоо сумын бага сургуулийг, 1957 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуулийг тус тус төгссөн. 1962 онд ЗХУ-ын Ленинград /хуучин нэрээр/ одоогийн Санкт-Петербург хотын Ус, цаг уурын их сургуулийг дүүргэсэн байна.
П.Бямбажав нь 1962-1970 онд Ус, цаг уурын удирдах газарт цаг уурч инженерээр ажиллаж, улмаар Монгол Улсад ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн бүрэлдэн тогтоход гар биеэ оролцон ажиллаж байсан ахмад цаг уурчдын нэг юм. Ус, цаг уурын удирдах газрын шийдвэрээр МУИС-ийн Тоо, физикийн факультетийн Цаг уурын тэнхимд мэргэжлийн багшаар томилогдон ирж 1970-1989 оныг хүртэл багшилж байлаа. Багшлах хугацаандаа олон чадварлаг мэргэжлийн цаг уурч, эрдэмтэдийг бэлтгэн гаргасан юм. Тэрээр багшлахын зэрэгцээ түүний гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил тухайлбал Улаанбаатар хот орчмын аянга болон Монгол орны эсрэг циклоны хөгжлийн үе шатны чиглэлээр хийсэн судалгаан дээр тулгуурлан гаргасан уур амьсгал, урьдчилан мэдээлэх цаг уурын лабораторийн ажлуудыг сургалт, эрдэм шинжилгээнд тогтмол хэрэглэж байлаа.
Ахлах багш П.Бямбажав 1989-1997 онд Ус, цаг уурын хүрээлэнд цаг уурын инженерээр ажиллаж байхдаа цаг уурын мэдээллийн санг төрөлжүүлэх, коджуулах, сэргээн засварлах, шинээр бүрдүүлэх, ашиглалтыг нь өргөжүүлэн боловсронгуй болгох чиглэлээр дорвитой ажлуудыг хийсэн юм. Мөн орон нутгийн цаг уурын мэдээллийн чанарт шалган зааварлалт тасралтгүй хийж иржээ.
П.Бямбажавыг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргах, цаг уурын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1997 онд Байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнасан байна.
Ахмад цаг уурч, ахлах багш П.Бямбажавын чигч шударга, эмх цэгцтэй, зарчимч зан чанар үеийн үед дурсагдах болно.
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх ухааны сургууль
Цаг уур, ус судлалын тэнхим