“Ажлын эхний 120 хоногийг хэрхэн амжилттай төлөвлөх вэ?” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Ажилд шинээр орсон эхний өдрөө төсөөлөхөд догдлохын зэрэгцээ юу хийхээ мэдэхгүй бага зэрэг түгшдэг мөч олон хүнд тохиолддог. Их сургуулиа төгсөөд хөдөлмөрийн зах зээлд дөнгөж хөл тавьсан залуус шинэ орчинд дасан зохицох хүртлээ олон сорилттой тулгардаг. Энэ сэдвийн хүрээнд “Ажлын эхний 120 хоногийг хэрхэн амжилттай төлөвлөх вэ?” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээ болон “АЮФ Франкофон” хамтын ажиллагааны төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд зочин илтгэгчээр Франц улсын Сорбоны их сургуулийн профессор Гаэл Лаказ оролцож, Франц дахь монгол судлалын талаар, HR Consulting фирмийн гүйцэтгэх захирал, “Эйч Ар” клубийн тэргүүн, МУИС-ийн төгсөгч Ш.Баярмагнай нар оролцож, өөрсдийн зөвлөгөө, туршлагаа хуваалцаж сонирхолтой илтгэл тавьсан юм.

Профессор Гаэл Лаказ Франц дахь Монгол судлалын түүхэн уламжлал, өнөөгийн судлаачдын туршлага, мөн оюутан–ирээдүйн судлаачдын замналыг танилцуулсан бол,

HR Consulting фирмийн гүйцэтгэх захирал Ш.Баярмагнай:

“Хүн амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байран дээр өнгөрүүлдэг учраас сэтгэл зүйн тогтвортой, аюулгүй байдал хамгийн чухал. Ажлын байр үргэлж аз жаргалтай орчин байхгүй ч олон янзын хүмүүстэй харилцахдаа зөв зүйлд дасан зохицох нь чухал. Хөдөлмөрийн харилцааны тодорхой мэдлэгтэй байж, эрх үүргээ ухамсарласнаар тулгарч болох бэрхшээлүүдийг амжилттай даван туулна. Анхны ажлын байраа зөв сонгож, зөв харилцаа, зөв хандлагаас л чадварлаг мэргэжилтнүүд төрдөг.” хэмээн онцоллоо.

Сургалтын үеэр “Ажилд орохоос өмнө” болон “Ажилд орсны дараа” гэсэн хоёр чиглэлээр хэрэгтэй зөвлөгөө өгөгдсөн.

Ажилд орохоос өмнө: зөв байгууллагыг сонгох

  • Судалгаа хий: Байгууллагын цахим хуудсыг уншиж, эрхэм зорилго, үнэт зүйлсийг танилцах.
  • Ажилтнуудаас асуу: LinkedIn зэрэг сүлжээгээр тухайн байгууллагын соёл, уур амьсгалын талаар мэдээлэл авах.
  • Ярилцлагын үеэр ажигла: Ажилтнуудын харилцаа, хувцаслалт, ярилцлага авч буй хүний хандлагыг анзаарч, ажлын цагийн уян хатан байдлыг тодруулах.
  • “Яагаад” гэж асуу: Байгууллагын үнэт зүйл бодит ажилд хэрхэн хэрэгждэг талаар тодруулж асуух.

Ажилд орсны дараа: эрх, үүргээ мэдэх

HR Consulting фирмийн хийсэн судалгаагаар ажлын байран дахь таагүй байдлын хамгийн түгээмэл шалтгаан нь “ойлгомжгүй, уялдаагүй ажил үүрэг” болохыг оролцогчдын 37% нь онцолжээ. Тиймээс шинэ ажилтнуудад хамгийн түрүүнд хөдөлмөрийн гэрээ болон ажил үүргийн хуваарьтайгаа танилцах нь зайлшгүй шаардлагатай гэж зөвлөлөө.

Өдөрлөгийн хүрээнд Франц улсын олон төлөөлөгч урилгаар оролцож, салбар бүрийн 130 гаруй суралцагч хамрагдсан юм.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар