Монгол Улсын Их Сургууль ба Рио Тинто Монгол компанийн хамтран хэрэгжүүлж буй “Багш оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Гарааны бизнесийн бүтэлгүйтэл, түүнийг даван туулах арга зам” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг “Сократус Стартап Студио” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Мөнхцог удирдан явуулж, гарааны бизнесийн хөгжлийн явцад тулгардаг нийтлэг хүндрэл, бүтэлгүйтлийн шалтгаан, тэдгээрийг даван туулах боломжит шийдлүүдийн талаар цогц мэдээлэл өгөв. Мөн гарааны бизнест хөрөнгө оруулалт татах үйл явц, үүсгэн байгуулагчдын хоорондын хэлцлийн онцлог, менежментийн болон санхүүжилтийн бодит туршлагуудыг хуваалцсан нь оролцогчдын сонирхлыг ихээр татсан сургалт болсон.
Сургалтын үеэр хөтөлбөрт хамрагдаж буй багш, оюутнууд идэвхтэй оролцож, өөрсдийн сонирхсон асуултыг асууж, мэргэжлийн түвшний хариулт авсан нь онцлох үр дүн байлаа. Энэ нь хөтөлбөрт оролцогчдын гарааны төсөл, цаашдын судалгааны ажилд бодитой тус дэм үзүүлэх ач холбогдолтой байв.
“Багш оюутны стартап 2025” хөтөлбөрийн зорилго нь багш, оюутнуудын судалгааны үр дүн, шинэлэг санааг бизнесийн шийдэл болгон хөгжүүлэхэд чиглэдэг бөгөөд энэхүү сургалт нь гарааны бизнес эрхлэгчид, инновацын төсөл санаачлагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чухал алхам боллоо.
Цаашид уг хөтөлбөрийн хүрээнд гарааны компанийн экосистемийн талаар цогц ойлголт олгох, бизнесийн туршлага солилцох болон шинэ санаачилгыг хөгжүүлэх олон талт сургалт, арга хэмжээ үргэлжлэн зохион байгуулагдах юм.
Хөтөлбөрт хамрагдаж сургалтад идэвхтэй оролцож буй багш, оюутнууддаа судалгаа, бүтээлч үйл ажиллагаа, гарааны бизнесийн замналд нь улам их амжилт хүсье.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн
Технологи дамжуулах төв
77307730 – 5310