МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг ёслолын арга хэмжээнд Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Зэвсэгт хүчний шинжлэх ухаан, техник, технологи, инновацын салбар зөвлөлийн дарга, бригадын генерал Б.Баатар нар оролцлоо.


Санамж бичиг байгуулснаар талууд төрийн болон боловсролын байгууллагын түншлэлийг бэхжүүлэх, хамтын сургалт, судалгаа, цэргийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр эрх тэгш, түншлэлийн зарчимд тулгуурласан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Бүрэлдэхүүн сургуулиуд, туршилт судалгааны төвүүд, хүрээлэн, лабораториудын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цэргийн болон иргэний зориулалтаар ашиглах боломжтой үндэсний инновац, технологийг бий болгох, зохион бүтээх, турших, үйлдвэрлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Салбарын хүний нөөцийг сургах, мэргэшүүлэх, чадавхжуулах зорилгоор цэргийн алба хаагчдыг их сургуулийн харъяа бүрэлдэхүүн сургуулиудад зэргийн болон зэргийн бус сургалтад хамруулах;
- “Оюутан цэрэг” хөтөлбөр болон ажлын байрны дадлагажих хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, залуу хойч үедээ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, залуу хойч үеийг эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт сургах, хүмүүжүүлэх зорилгоор оюутнуудад сургалт зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах;
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр болон бусад улсын чанартай бүтээн байгуулалтад хамтран оролцох;
- Талуудын эрдэмтэд, судлаачид, багш нар, цэргийн алба хаагчдын дунд соёл, спортын нөхөрсөг арга хэмжээ, уулзалт, байгууллагуудын танилцах айлчлал зэргийг зохион байгуулах.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР