МУИС-ийн Биологийн ангийг 1995 онд төгссөн оюутнууд төгсөлтийн 30 жилийн ойн хүрээндээ төрөлх сургуульдаа зочилж, хандив өргөн, сургуулийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр орууллаа.
Энэхүү үйл ажиллагааны үеэр МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор, Биологийн шинжлэх ухааны доктор Ц.Цэндээхүү болон тухайн хөтөлбөрийн төгсөгчдийг хүлээн авч уулзан, тэдэнд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Төгсөгчдийн төлөөлөл болох МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар “Бид ангийнхаа төгсөлтийн 30 жилийн ойг тохиолдуулан сургуульдаа бодитой дэмжлэг үзүүлэхээр нэгдсэн. Энэ хүрээнд тусгай хэрэгцээт оюутнуудыг дэмжих, тэдний суралцах орчныг сайжруулах зорилгоор сонсдог 30 номыг аудио хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай зардалд зориулан хандивыг өргөж байгаа” тухайгаа онцоллоо. Уг хандивыг МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмонд гардуулсан бөгөөд оюутнуудад чиглэсэн бодит дэмжлэг болсон үйл явдал болов.
МУИС-ийг 30 жилийн өмнө Биологийн мэргэжлээр төгссөн энэ ангиас өнөөдөр 8 доктор төрөн гарч, бизнесийн салбарт томоохон групп компанийг удирдан ажиллаж байгаа хэд хэдэн захирал байгаа бөгөөд тэд эх орныхоо шинжлэх ухаан, боловсрол, байгаль хамгаалал, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй манай сургуулийн бахархалтай төгсөгчид билээ.