МУИС-ийн Экологийн боловсролын төв болон МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимээс Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санаачилга, дэмжлэгээр Монгол Улсад тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран RCE Mongolia (Regional Centre of Expertise on Education for Sustainable Development in Mongolia) буюу Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төвийг байгуулсан тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээлж нээлт, мэдээллийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор, профессор Д.Заяабаатар, МУБИС-ийн МБУС-ийн захирал, доктор Т.Ганбаатар, ХЗС-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан мэргэжилтэн Шахидул Ислам нар баяр хүргэж үг хэлсэн ба МУИС-ийн ЭБТ-ийн эрхлэгч, доктор Р.Сүнжидмаа, МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Үүрийнтуяа, МУБИС-ийн зөвлөх профессор Е.Батчулуун нар “RCE Mongolia” байгуулсан тухай зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Арга хэмжээний төгсгөлд Солонгос улсын RCE Tongyeong, Хятад улсын RCE Hangzhou, Япон улсын RCE Kitakyushu төвүүдээс Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн төв байгуулагдсанд баяр хүргэж мэндчилгээ ирүүлснийг хүлээн авч үзлээ.
Монгол Улсад RCE Mongolia байгуулах өргөдөл хүсэлтийг Япон улс дахь НҮБ-ын Их Сургуульд 2024 оны 5 дугаар сард илгээсэн бөгөөд өргөдөлд тусгай комисс шинжилгээ хийж, дүгнэлт гаргасны эцэст энэ оны 7 сарын 9-нд ийнхүү RCE Mongolia байгуулах хүсэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч гэрчилгээ, батламжийг гардуулсан билээ.
RCE Mongolia-ыг МУИС-ийн Экологийн боловсролын төв, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, БОУАӨЯ-ны харьяа Байгаль орчны судалгаа, сургалт, мэдээллийн төв, Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ, ШУА-ийн дэргэдэх Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны ЮНЕСКО-ийн тэнхим, НҮБ-ын нийгэмлэг, Ээлтэй үйлдэл НҮТББ, Educated Initiatives ТББ, Ханнс-Зайделийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар зэрэг нийт 12 байгууллага, нэгж хамтран байгуулсан юм.
RCE Mongolia ийнхүү дэлхийн 68 орны 200 орчим RCE-ийн нэг болж боловсролоор дамжуулан тогтвортой ирээдүйг бүтээх эрмэлзэлтэй мэргэжилтэн, төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын нэгдэх талбар болон тогтвортой хөгжлийн боловсролын орон нутгийн түвшний аливаа сорилтыг шийдэхэд мэргэжилтнүүдийн хүчийг хамтатган зангидаж, бүс нутгийн болон дэлхий дахины бусад тогтвортой хөгжлийн боловсролын мэргэжлийн төвүүдээс харилцан суралцаж, хамтран ажиллахаар үүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа эхлүүллээ.