“Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл” зэргийн бус сургалтын хөтөлбөрийн нээлт боллоо

Share Button

МУИС-ийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль “Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл” зэргийн бус сургалтын хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 10 -ны өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөнд зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлын 2025 оны 78 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжиж буй төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн ажлыг үргэлжлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Сургуулиас санаачлан төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийх арга зүйн зэргийн бус сургалтын хөтөлбөрийг боловсруулаад байна.

Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд МУИС-ийн Ректор Проф. Др. Б.Очирхуяг, Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, Монгол банкны Дотоод аудитын газрын захирал А. Шижирмаа нар нээлтийн үг хэлж, төрийн байгууллагын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэхэд энэхүү сургалтын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Мөн нээлтийн үеэр Процессын дахин инженерчлэлийн зөвлөх У. Хосжаргал хөтөлбөрийн зорилго, агуулга, хэрэгжилтийн үе шат, оролцогчдын хамрах хүрээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Хөтөлбөрийн хаалтын үгийг МУИС-ийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал Проф. Др. С.Мөнхбат хэлж, төрийн албан хаагчдыг мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, “хүн төвтэй”, проактив төрийн үйлчилгээний шинэ загварыг бодит ажил хэрэг болгохыг онцоллоо.

Энэхүү сургалтын хөтөлбөр нь дэлхий нийтийн төрийн үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшилд тулгуурлан, иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ зураглалыг бий болгох, нэвтрүүлэх арга зүйг төрийн албан хаагчдад эзэмшүүлэх зорилготой бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 10-ыг хүртэл зохион байгуулагдана.

Энэ удаагийн сургалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монгол банк, Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн хүрээ амаржих газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Чингэлтэй нэгдсэн эмнэлэг зэрэг төрийн байгууллагуудын албан хаагчид хамрагдаж байна.

Сургалтад хамрагдаж буй нийт төрийн албан хаагчдадаа амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар