“Хүний аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт лекц амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр МУИС, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Японы модернизаци ба хөгжил судлал” цуврал хичээлийн хүрээнд “Хүний аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт нээлттэй лекцийг амжилттай зохион байгууллаа. Лекцийг Огата Садакогийн нэрэмжит Энхтайван ба хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал, олон улсын харилцаа болон энх тайван судлалын нэрт эрдэмтэн ноён Минэ Ёоичи удирдан явууллаа.

Лекцийн үеэр ноён Минэ Ёоичи хүний аюулгүй байдлын ойлголт орчин цагийн олон улсын бодлого, хөгжлийн чиг хандлагад хэрхэн чухал байр суурь эзэлж буйг тайлбарлаж, дэлхийн улс орнуудад тулгарч буй асуудлуудыг Монголын нөхцөл байдалтай харьцуулсан судалгааны жишээн дээр үндэслэн танилцуулав.

Тэрээр хүний эрх, нийгмийн шударга ёс, эдийн засгийн түвшин, байгаль орчны тогтвортой байдлын аль аль нь хүний аюулгүй байдлын салшгүй бүрэлдэхүүн гэдгийг онцолж, тогтвортой хөгжлийн бодлого боловсруулахад энэ ойлголт чухал суурь болдгийг тэмдэглэв.

Модератороор МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулга ажиллаж, лекцийн дараа оролцогчидтой санал солилцох хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

Ректор Б.Очирхуяг ноён Минэ Ёоичи болон ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Лекцийн өмнө Ректор Проф. Б.Очирхуяг, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар ноён Минэ Ёочи болон Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Мияаги Кэнсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хүний аюулгүй байдлын чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар өргөн хүрээнд санал солилцлоо.

Уулзалтын үеэр ноён Минэ Ёоичи хүний аюулгүй байдлын ойлголт нь олон салбарын огтлолцолд оршдог өргөн хүрээтэй ойлголт болохыг онцолж, МУИС-ийн эрдэмтэн судлаачидтай салбар дундын хамтарсан судалгааг хөгжүүлэх бүрэн боломж байгааг тэмдэглэв.

Ректор Б.Очирхуяг хүний аюулгүй байдлын асуудал Монгол Улсын хөгжлийн бодлогод улам бүр чухал сэдэв болж буйг дурдан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд талууд ноён Минэ Ёоичи дахин Монголд ирэхдээ судалгааны хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх, шинэлэг төсөл, санаачилга хэрэгжүүлэх боломжийг нээлттэй байлгахаар тохиролцлоо.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар