Монгол-Солонгос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Чой Жин Вон-ыг МУИС-д урьж, уламжлалт Элчин сайдын цуврал лекц-ийг амжилттай зохион байгууллаа. Лекцэд МУИС-ийн багш, судлаач, оюутнууд өргөнөөр оролцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн төлөв болон ирээдүйн чиг хандлагын талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.


Лекцийн үйл ажиллагааг МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Проф. С.Гомбобаатар нээж, МУИС-ийн олон улсын хамтын ажиллагаанд Элчин сайдын яамдын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэв. “Манай их сургууль олон улсын хамтын ажиллагааны хүрээнд элчин сайдын яамдуудтай тогтмол хамтран ажиллаж, улс орнуудын элчин сайд нарыг урьж нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлого, чиглэл, хамтын ажиллагааны талаар лекцийг уншуулдаг жишиг үйл ажиллагааг тогтоож, амжилттай хөгжүүлж ирсэн. Өнөөдрийн энэхүү хүндэтгэлийн лекц бол уг уламжлалын нэгэн чухал үргэлжлэл болж буйд бид баяртай байна.”

Элчин сайд Чой Жин Вон лекцийнхээ үеэр Монгол, БНСУ-ын дипломат харилцаа хөгжсөн түүхэн замнал, 35 жилийн турш хоёр улсын хамтын ажиллагаа хэрхэн өргөжиж ирсэн тухай дэлгэрэнгүй авч үзэв. Тэрээр худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын солилцоо, хүн хоорондын харилцаа зэрэг салбаруудын хамтын ажиллагааны бодит үр дүнг товч танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар байр сууриа хуваалцсан юм.
Мөн тасралтгүй өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдал, бүс нутгийн бусад орнуудын бодлогын чиг хандлага, технологи ба инновацийн эрин үед Монгол, Солонгосын түншлэл чухал ач холбогдолтой болохыг илтгэлдээ онцлон тэмдэглэв.

Лекцийн төгсгөлд Элчин сайд Чой Жин Вон оюутан, судлаачдаас ирсэн асуултад хариулж, хоёр орны хамтарсан боловсролын төсөл, солилцооны хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Элчин сайдын лекц нь Монгол, Солонгосын харилцааг шинэ үеийн судлаач, оюутнуудад гүнзгий танин мэдүүлэх ач холбогдолтой үйл явдал боллоо.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

