МУИС-ийн Судалгааны ажлын ёс зүйн хяналтын хороо нь 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон “МУИС-ийн судалгааны ажлын ёс зүйн журам”-ын дагуу “Судалгааны ажлын ёс зүйн хяналтын хороо”-г МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны хуралдааны 15-р тогтоолоор 7 гишүүн, 8 шинжээчтэйгээр баталсан. Мөн МУИС-ийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 10-ны А/473 тоот тушаалаар Судалгааны ажлын ёс зуйн хяналтын хорооны даргаар ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал Ч.Тамирыг, нарийн бичгийн даргаар ШУС-ийн Биологийн тэнхимийн дэд профессор Дам.Лхагвасүрэн нарыг томилон ажиллуулсан.
Тус хорооны анхны хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 18-нд Хичээлийн II байрны 110 тоот танхимд амжилттай болж, хорооны гишүүд болон шинжээчдээс бүрдсэн бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан хуралдаан боллоо.

Хуралдааныг хорооны дарга дэд профессор Ч.Тамир нээж, хорооны үйл ажиллагааны зорилт, бүтэц, үүргийг танилцуулсны дараа судалгааны ёс зүйн олон талт асуудлыг хөндсөн дөрвөн илтгэл танилцууллаа.
Илтгэгчид олон улсын туршлага, сургалтын тогтолцоо, хувийн мэдээлэлтэй ажиллах протокол, ёс зүйн дотоод зохицуулалт, мөн хорооны ирэх жилийн төлөвлөгөө зэрэг өргөн хүрээний асуудлыг танилцуулсан нь цаашдын бодлого, баримт бичгийн шинэчлэлд чухал суурь болов.



