Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн” шагнал хүртлээ.
МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Бат-Оргилын Төрмандах 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн” шагналыг хүртэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авсан байна.
2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн” шагналыг:
- МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн багш Бат-Оргилын Төрмандах,
- ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Очирхуягийн Алтантуяа,
- АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш Хүрэлбаатарын Цэвэлноров нарт хүртээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтэд болон тэдний гэр бүл, хамт олонд амжилт хүсэн удахгүй тохиох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар


