“Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” сэдэвт САТРЕПС төсөл 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжиж дуусаад байна. Энэ төслийг Монгол талаас МУИС (профессор Ж.Батхүү) толгойлж, ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Гарааны Арвин ургацын ундраа ХХК, Япон талаас Токиогийн их сургууль (профессор Т.Асами) толгойлж, Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль, Киотогийн их сургууль, Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний хүрээлэн хамтран оролцож хэрэгжүүлсэн юм.

Төсөл хэрэгжих хугацаанд МУИС-д нийлүүлэгдсэн 1 тэрбум 503,490,429 төгрөгийн үнийн дүнтэй орчин үеийн судалгааны багаж, тоног төхөөрөмжийг албан ёсоор хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр болов. Арга хэмжээнд МУИС-ийн ректор Б.Очирхуяг, ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Т.Ёшимура болон 2 талын холбогдох хүмүүс оролцов.

МУИС-ийн ректор Б.Очирхуяг “Профессор Ж.Батхүүгийн удирдсан САТРЕПС төсөл нь МУИС дээр хэрэгжсэн, бусдад үлгэр дуурайл болох жишиг төсөл” болсныг онцлон дурдаад “МУИС-ийн Шилдэг хөрөнгө оруулагч багш” батламжийг профессор Ж.Батхүүд гардуулж, мөн “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын дагуу 1 постдоктор ажиллуулах эрхийг өгч, судалгаа-хөгжүүлэлтийн ажилд нь дэмжлэг үзүүлэхээр болсноо илэрхийллээ.


ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга, ноён Т.Ёшимура “ЖАЙКА байгууллага Монголд маш олон төсөл хэрэгжүүлдэг, тэр олон төсөл дундаас энэ САТРЕПС төсөл шалгарч, 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Япон Улсын Эзэн хаанд биечлэн танилцуулах ажлыг профессор Ж.Батхүү, Ж.Ундармаа нар хийсэн нь уг төсөл сайн хэрэгжиж байсны нэг илэрхийлэл болсон юм. Монгол талын судлаачид идэвх санаачилга гарган ажиллаж, хариуцлагатай, эзний ёсоор хандаж байсан нь энэ төсөл амжилттай хэрэгжиж дуусахад чухал үүрэг гүйцэтгэсэн” гэдгийг онцлон тэмдэглэв.

Профессор Ж.Батхүү “1995 оноос Япон Улсын иргэн, Т.Канно багштай эхлүүлсэн харилцаа 1999 Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль, 2001 оноос Тояамагийн их сургууль, 2006 оноос Тохо их сургууль, 2009 оноос Токиогийн их сургууль, РИКЕН судалгааны хүрээлэнтэй болж гүнзгийрэн, улмаар салбар дундын САТРЕПС төсөл болон хэрэгжиж, төсөл хэрэгжих хугацаанд 3 залуу судлаач Япон Улсад докторын зэрэг хамгаалж, 1 судлаач посдоктороор ажиллаж, 13 судлаач богино хугацаагаар мэргэжил дээшлүүлж, Япон Улсаас 10 зочин судлаач 34 удаа Монголд ирж ажиллан, хээрийн болон лабораторийн судалгаанд оролцон, Монгол залуу судлаачдыг дагалдуулан сургасныг” дурдаж, одоо нийлүүлэгдсэн багаж, тоног төхөөрөмжөө үр ашигтай ажиллуулах, судалгааны эргэлтэд оруулах, судалгааны нэгэнт хүрсэн түвшнээ болж өгвөл ахиулахад голлон анхаарахаа илэрхийлсэн юм.


