МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “Өв, Өлгий 3000” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.




Монголчуудын өвөг дээдэс
Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт 800.000 жилийн тэртээд эртний хүмүүс амьдарч байсныг гэрчлэх олдворууд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нарийн гол 17, Баянлиг сумын Цагаан агуйн дурсгалын судалгаагаар тогтоогдсон бол хамгийн эртний оршуулгын дурсгалыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Харуулын гозгор, Марзын хөтөл хэмээх газарт малтан судалж, одоогоос 7600 жилийн тэртээ тухайн хүмүүс аж төрж байсныг тогтоосон байна.
Дээр дурдсан 2 газрын 4 оршуулгаас нийт 13 хүний араг яс бүрэн бус байдлаар олдож, хэмжилт хийх боломжтой 5-6 гавлын ясанд судалгаа хийхэд бүгд Монгол төрхтөн байжээ. Энэ нь Монголчуудын өвөг дээдэс энэ газар нутагтаа 7600 жилийн өмнө амьдарч, аж төрөхийн зэрэгцээ нас барсан хүнээ ёслол төгөлдөр оршуулдаг оршуулгын зан үйлтэй байсан нь батлагддаг.
Бидний өвөг дээдэс хэн болох тухай, ямар үндэстэн, угсаатан байсан тухай асуулт үеийн үед хөндөгддөг. Та бидний угсаа гарвал XIII зууны үеийн Монголчууд, Чингис хаан, түүнээс урагшилвал 2234 жилийн тэртээх Хүннү гүрэнтэй судалгааны олон баримтаар холбогддог юм. Тэгвэл Хүннүчүүдийн өвөг дээдэс нь хэн байсан бэ?

МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн дэд профессор Т.Идэрхангай ахлагчтай судалгааны баг Монгол орны зүүн, төв болон говийн бүс нутгаар тархсан дурсгал болох Дөрвөлжин булшны соёлыг үлдээсэн ард түмэн бол Хүннү гүрний үндсэн суурийг тавьж өгсөн үндэстэн мөн болохыг олон талын судалгааны баримтаар нотолжээ.
“Өв, Өлгий 3000” тусгай үзэсгэлэнгээс юу үзэх вэ?
Энэхүү тусгай үзэсгэлэнгээс :
- Дөрвөлжин булшны хүн чулуун хөшөө
- Дөрвөлжин булшны зүүн талд байрлах зурагтай хавтан чулуу
- Дөрвөлжин булшны булангийн зурагтай хөшөө чулуу
- Дөрвөлжин булшны хашлага чулуун дээрх зураг
- Дөрвөлжин булшийг үлдээгчдийн хадны зосон зураг
- Дөрвөлжин булшийг үлдээгчдийн хадны сийлмэл зураг зэргийг үзэх боломжтой.
Дөрвөлжин булш, хөшөө, хавтан чулуу, зосон болон сийлмэл зургийг бодит хэмжээгээр нь дуурайлган хийсэн макеттай танилцаарай.
Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 3000 жилийн өмнө хэн амьдарч, ямар дурсгал үлдээснийг “Өв, Өлгий 3000” тусгай үзэсгэлэн дэлгэсэн байна.
“Өв, Өлгий 3000” тусгай үзэсгэлэнгээрээ дамжуулан МУИС-ийн дэд профессор Т.Идэрхангай ахлагчтай судалгааны баг төрт ёсны түүхийг 700 гаруй жилээр урагшлуулж тогтоох боломжийг танилцуулж, Хүннүчүүдийн өвөг дээдэс ямар хүмүүс байсныг, ямар түүхэн өв, дурсгал үлдээснийг баримтад тулгуурлан үзүүлж байна.
“Өв, Өлгий 3000” тусгай үзэсгэлэн энэ оныг дуустал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ.


















