Шинэ жилийн мэндчилгээ

Share Button

Мэндчилгээ

Улиран одож буй хуучин он Монгол Улсын Их Сургуулийн хувьд бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн уялдааг бэхжүүлж, хөгжлийн дараагийн шатанд шилжин, стратегийн тэргүүлэх чиглэл болох эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн оролцоо, нөөц, засаглалын хүрээнд МУИС-ийн шинэ стратеги төлөвлөгөөний зорилтоо хэрэгжүүлэн ажилласан эхний жил байлаа.

Их сургуулийн тогтвортой хөгжил нь хүний нөөцийн бодлого, багш, ажилтнуудын нийгмийн баталгаатай салшгүй холбоотой. МУИС-ийг 2025-2030 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд 2026 оны 1 дүгээр сараас эхлэн МУИС-ийн ажилтнуудын цалинг, 2026 оны 9 дүгээр сараас багш нарын цалинг тус тус нэмэгдүүлэх шийдвэрийг МУИС-ийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн баталж, хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна. Энэхүү шийдвэр нь Та бүхний мэргэжлийн үнэ цэнийг бодитоор дэмжих, тогтвортой, урам зоригтой ажиллах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын чухал алхам юм.

Цаашид судалгааны их сургууль болох алсын хараа, зорилтын хүрээнд суурь болон хэрэглээний судалгааг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, засаглалын ил тод, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх, нийгэмд шинжлэх ухаанч, эерэг мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх бодлогыг шат дараатай хэрэгжүүлнэ.

2025 онд эрдмийн хамт олныхоо хүчин чармайлт, тууштай хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсын Их Сургууль Times Higher Education байгууллагын дэлхийн их сургуулиудын эрэмбэд дахин багтсан нь багш, ажилтан, суралцагч, төгсөгч та бүхний олон жилийн уйгагүй хөдөлмөр, сургалт, судалгааны чанарын бодит үнэлгээ боллоо. Айлчлан ирж буй шинэ онд амжилтаа бататгаж, улам ахиулах шинэ зорилт биднийг хүлээж байна.

МУИС-ийн эрдмийн хамт олон дэлхийн түвшний судалгааны их сургууль болох, улс орны хөгжлийн бодлого, шийдвэрийг суурь судалгаагаар дэмжин ажиллах, өндөр түвшний эрдэм шинжилгээний ажлуудаа нэмэгдүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, эрдэм мэдлэг түгээх зэрэг алсын хараа, тэргүүлэх чиглэл, зорилгуудаа тууштай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

МУИС-ийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт багш, ажилтан, суралцагч, төгсөгч, дэмжигч Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2026 онд Та бүхний ажил үйлс амжилтаар арвин, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Шинэ оны мэнд хүргэе!

Эрдмийн хэт цахиваас

Хөгжлийн гал бадармуй.

 

Ректор, профессор  МУИС-ийн захирал Б.Очирхуягийн гарын үсэг   Б.Очирхуяг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар