Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк болон МУИС-ийн Бизнесийн сургуулийн хамтарсан мэргэжих үйлдвэрлэлийн дадлагын ажлын хүрээнд зохион байгуулагдсан Нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн мэргэжих үйлдвэрлэлийн дадлагын тайлан хүлээлгэн өгөх уулзалт 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уулзалтын зорилго нь мэргэжих үйлдвэрлэлийн дадлагын хүрээнд оюутнуудын гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнг хэлэлцэх, дадлагын хэрэгжилтэд оролцсон багш, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг солилцох, цаашдын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байв.
Уулзалтад МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 4-р түвшний дараах оюутнууд болон холбогдох багш, мэргэжилтнүүд оролцон ажиллав. Үүнд:
Нэгдүгээрт, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Д.Солонгоо нь МУИС-ийн стартап гарааны компани болох “Мон Био Про” ХХК-д мэргэжих үйлдвэрлэлийн дадлагыг амжилттай гүйцэтгэсэн байна. Тус дадлагын хүрээнд төслийн удирдагч багшаар МУИС-ийн ШУТУБП-ийн Технологи дамжуулах төвийн эрхлэгч, дэд профессор Ш.Наранмандах, дадлага удирдсан багшаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш М.Мишигдорж, дадлага удирдсан мэргэжилтнээр МУИС-ийн ШУТУБП-ийн сургалтын мэргэжилтэн Ц.Батчимэг нар тус тус ажилласан юм.
Хоёрдугаарт, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 4-р түвшний оюутан О.Энхзул нь “Креативишн” ХХК-д мэргэжих үйлдвэрлэлийн дадлагыг гүйцэтгэсэн бөгөөд уг дадлагын төслийн удирдагч багшаар МУИС-ийн Физикийн тэнхимийн дэд профессор Т.Бэгзсүрэн, дадлага удирдсан багшаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш М.Мишигдорж, дадлага удирдсан мэргэжилтнээр МУИС-ийн ШУТУБП-ийн сургалтын мэргэжилтэн, дэд профессор Д.Хонгорзул нар ажилласан байна.

Уулзалтын үеэр оюутнуудын нягтлан бодох бүртгэлийн мэргэжих үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд гүйцэтгэсэн ажлын агуулга, тухайлбал анхан шатны баримт бичиг боловсруулах, санхүүгийн гүйлгээ бүртгэх, орлого, зардлын ангилал, өртөг тооцоолол хийх, санхүүгийн тайлан, мэдээ бэлтгэхэд эзэмшсэн мэдлэг, ур чадварын ахиц, мөн нягтлан бодох бүртгэлийн онолын мэдлэгийг бодит аж ахуйн нэгж, гарааны компанийн үйл ажиллагаанд хэрэгжүүлсэн байдал, цаашдын мэргэжлийн хөгжлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.
Энэхүү уулзалт нь МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн оюутнуудыг санхүү, нягтлан бодох бүртгэлийн онолын мэдлэгийг стартап, инновацад суурилсан бодит үйлдвэрлэл, бизнесийн орчинд хэрэгжүүлэх замаар мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Түүнчлэн их сургууль–гарааны компани–инновацын экосистемийн уялдаа холбоог бэхжүүлж, судлаач, багш нарын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгааны их сургуулийн үзэл баримтлалтай уялдсан стратегийн ач холбогдол бүхий үйл явдал болж өндөрлөв.

