Хайж байна...

“МУИС- ийн Цөмийн физикийн судалгааны төв” МУИС-ийн харьяа “Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн” болж өөрчлөгдлөө

Share Button

МУИС-ийн харьяа “Цөмийн физикийн судалгааны төв” Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 202-р тогтоолоор МУИС-ийн харьяа “Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн” болж өөрчлөгдлөө.

ОХУ-ын Дубна хотноо олон улсын Засгийн газар хоорондын байгууллага Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ) 1956 онд байгуулагдсан нь манай Улсад цөмийн шинжлэх ухаан, технологийн судалгаа, шинжилгээг хөгжүүлэх гадаад нөхцөл бүрдсэн, чухал ач холбогдолтой үйл явдал болсон байдаг.

Тус хүрээлэн МУИС-ийн ректорын 1965/170 тушаалаар “Цөмийн физикийн шинжилгээний групп” нэртэйгээр анх байгуулагдсан. Улмаар 1967-1997 онд МУИС-ийн захирлын 1967/155 тушаалаар “Цөмийн шинжилгээний лаборатори”, Засгийн газрын 1997/31 дугаар тогтоолоор “Цөмийн физикийн судалгааны төв”, Засгийн газрын 2015/27 болон 2019/328 дугаар тогтоолоор үндэсний статустайгаар ажиллаж байна. МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч, Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны дарга агсан, Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Цөмийн физикийн судалгааны төвийг академич Намсрайн Содномын нэрэмжит болгосон.

2025 онд үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиосон. Энэ хугацаанд тус төвийн эрдэмтэн, судлаачид 800 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 55 гаруй ном, сурах бичиг, мөн патент, стандарт 18 боловсруулснаас гадна цөмийн шинжлэх ухаан, технологийн салбарын 600 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргахад хувь нэмэр оруулаад байна. Тус хүрээлэн 20 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төвлөрсөн системд холбогдсон цацрагийн хамгаалалт бүхий тусгай өрөөнүүд, судалгаа, шинжилгээ явуулах суурь тоног, төхөөрөмжүүдээр хангагдсан 964.48 м2 талбай бүхий 2 давхар өөрийн барилгатай, цөмийн болон цацраг идэвхит материалыг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлтэй Улсын онцгой обьектод үйл ажиллагаагаа явуулж байна.

2025 онд тус хүрээлэн олон улсын сэтгүүлд 17 өгүүлэл, дотоодын сэтгүүлд 23 өгүүлэл, эрдэм шинжилгээний 12 гаруй илтгэл хэлэлцүүлж, олон улсын төсөл хэрэгжүүлж МУИС-д 500 сая гаруй төгрөгийн өртөг бүхий багаж төхөөрөмжүүдийг суурилуулж, радиохимийн лабораторийг ашиглалтанд оруулсан. 60 жилийн босгон дээр 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар тус төвийг Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн болгож өөрчлөх шийдвэр гарлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар