Хайж байна...

COP17 бага хурлын танилцуулга уулзалт зохион байгуулагдлаа

Share Button
Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д дэлхийн 197 улс орны төрийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, ган гачигт тэсвэртэй байдал, газар хөрсийг сэргээх зорилтуудыг ахиулах асуудлыг хэлэлцэх юм.
Энэхүү бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд МУИС-ийн удирдлага, багш, профессоруудын оролцооны чиглэл, хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг хэлэлцэх уулзалт 2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгуулагдлаа.
Уулзалтыг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нээж үг хэлэхдээ, Монгол Улсын тэргүүлэх, иж бүрэн судалгаа явуулдаг их сургуулийн хувьд COP17 бага хурлыг зохион байгуулах үйл явцад онцгой ач холбогдол өгч, шинжлэх ухаан, судалгаа, инновацад суурилсан академик дэмжлэг үзүүлэн идэвхтэй оролцох бүрэн боломжтойг онцлов.

Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх, COP17 Үндэсний хорооны Ажлын албаны дарга Д.Батмөнх оролцож, бага хурлын зорилго, Монгол Улсын бэлтгэл ажил, дэвшүүлж буй багц санаачилгуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга илтгэл тавив. Тэрээр МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын оролцоо нь COP17-ийн шинжлэх ухааны үнэлэмжийг үндэсний болон олон улсын түвшинд нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Танилцуулгад дурдсанаар, цөлжилт, газрын доройтол нь Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувийг хамрах бодит эрсдэлтэй тулгараад байгаа бөгөөд уг асуудал нь уур амьсгалын өөрчлөлттэй салшгүй холбоотой юм. UNCCD нь 197 улс соёрхон баталсан, цөлжилт, ган гачиг, газрын доройтлын эсрэг чиглэсэн цорын ганц хууль эрхзүйн хүчинтэй олон улсын конвенц бөгөөд COP бага хурал нь уг конвенцын хэрэгжилтийг тодорхойлох гол механизмд тооцогддог.
Монгол Улс COP17 бага хурлын хүрээнд Евроазийн бүс нутгийн төв болох зорилт дэвшүүлж, “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд түшиглэсэн шийдэл бүхий дэд бүтцийн санаачилгуудыг олон улсын түвшинд танилцуулахаар төлөвлөж байна.
Уулзалтын төгсгөлд МУИС-ийн зүгээс COP17 бага хурлын бэлтгэл ажилд зориулан ажлын хэсэг байгуулж, холбогдох чиглэлийн багш, профессоруудыг эрдэм шинжилгээ, судалгааны хуралдаан (academic sessions)-д идэвхтэй оролцуулах, илтгэл тавих, гадаадын хамтрагч их сургуулиудын академик хамт олныг урих, мөн бизнес ба инновацад суурилсан шийдлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судлахаар санал нэгдлээ.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар