МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын “Эрдмийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.
2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС-ийг бакалаврын түвшний 597, ахисан түвшинд магистрын 354, докторын 14, хавсарга хөтөлбөр 4, монгол хэлний бэлтгэл хөтөлбөр 4, нийт 973 суралцагч сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэн энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа.


Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нээж хэлсэн үгэндээ:
“Монгол Улсын Их Сургууль үндэсний тэргүүн эрэмбээ хадгалж, дэлхийн болон Азийн их сургуулиудын эрэмбээ ахиулж, дэлхийн түвшний судалгааны их сургууль болон өргөжиж, эрдэм шинжилгээ, сургалтаар манлайлагч, нийгмийг хөгжлийн түүчээ байхыг зорин ажилладаг билээ. Тиймдээ ч бид 2025-2026 оны хичээлийн жилд сургалтын олон талт хэлбэрийг хөгжүүлэх, оюутны хөрвөх чадварыг дээшлүүлэх, судалгааны цар хэрэглээг өргөжүүлэх гурван чиглэлийг онцлон анхаарч байна.
Эрхэм төгсөгч та бүхэн аливаа үйл хэрэгт түүчээлэн манлайлагч, түгээн дэлгэрүүлэгч, шинийг санаачлагч, шинжлэн дүгнэгч байж, ирээдүйн гэгээ, итгэлийн оч болж яваарай. Та бүхний мэргэжил боловсрол, ур чадвар, хүмүүжил төлөвшил Монгол сайхан орны маань хөгжил цэцэглэлт, ирээдүйн сайн сайхны тулгуур багана болох билээ.” хэмээн захив.

Нийт төгсөгчийг төлөөлөн ээлж тус бүрд дараах төгсөгчид үг хэллээ.
1-р ээлж төгсөгчийн төлөөлөл:
МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш Компьютерийн ухааны доктор Б.Батням

2-р ээлж төгсөгчийн төлөөлөл:
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч Д.Гантуяа

3-р ээлж төгсөгчийн төлөөлөл:
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын төгсөгч Г.Энхзул

4-р ээлж төгсөгчийн төлөөлөл:
МУИС-ийн Бизнесийн сургуулийн төгсөгч Ц.Жавхлан

Мөн нийт төгсөгчдийг төлөөлөн Мэдээлэл технологи, электроникийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш Компьютерийн ухааны доктор Б.Батням, Хууль зүйн сургуулийн төгсөгч Д.Гантуяа, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын төгсөгч Г.Энхзул, Бизнесийн сургуулийн төгсөгч Ц.Жавхлан нар үг хэлж, эрхэм багш профессорууд, төрөлх сургууль, гэр бүл, анд найзууддаа талархал илэрхийлэн амжилт хүсэн ерөөв.
Төгсөгчдийн төлөөлөл Ц.Жавхлан хэлэхдээ: “Өнөөдөр бидний зогсож буй энэ тайз бол төгсгөл биш, харин дараагийн алхмын эхлэл юм. МУИС бидэнд зөвхөн хичээл заагаагүй, харин асуулт асууж сургах, өөрийнхөөрөө бодох, аливааг өөр өнцгөөс харах дадлыг өгсөн сургууль байлаа. Тиймдээ ч “Эрдмийн хэт цахиваас, хөгжлийн гал бадармуй” гэх уриа бидний дотор аяндаа нутагшсан биз ээ.
Ирэх өдрүүдэд хаана, юу хийж явах нь хүн бүрд өөр байх болно. Гэхдээ хаана ч явсан бид МУИС-ийн төгсөгчид гэдгээ мартахааргүй. Нийгэмдээ дулаан гэрэл нэмсэн, итгэл төрүүлсэн хүмүүс байж чадна гэдэгтээ итгэлтэй байна.” хэмээв.

МУИС-ийн нийт төгсөгчдөд зориулан. Монгол Улсын Төрийн дээд “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “Чөлүгэн” морин хуурын дөрвөл. Хөгжмийн зохиолч Э.Ангирын уран бүтээлээр мэндчилгээ дэвшүүллээ.
Өчигдөрхөн сурч, мэдэхийн төлөө тэмүүлж байсан МУИС-ийн оюутнууд өнөөдрөөс хийж бүтээхийн төлөө зорьсон МУИС-ийн төгсөгч боллоо. МУИС хэмээх эрдмийн овгоор овоглодог 100,000 гаруй мянган төгсөгчдийн халуун ам бүлд нэгдэж буй нийт төгсөгчдөдөө амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Зураг татах холбоос
- I ээлж- https://drive.google.com/drive/folders/1oEn9N_1bhvp27K_9xzmQ6pLLxG9Li-fn?usp=sharing
- II ээлж- https://drive.google.com/drive/folders/1Ev5p5iqON1nEc4OXihV1pmEHFuvIY6S6?usp=sharing
- III ээлж- https://drive.google.com/drive/folders/17J9iAIclkq6YzT9pMRhJaszeUVRq2cXq?usp=drive_link
- IV ээлж- https://drive.google.com/drive/folders/19aBzsq3GmcqLciKTYJQnVjdYzIPhl4Hc?usp=sharing

