Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номын монгол орчуулгын нээлт Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн танхимд боллоо.



Тус үйл ажиллагааг нээж МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг хэлсэн үгэндээ “Б.Ринчен тэргүүтэй МУИС-иар овоглосон эрдэмтэд коммунист үзэл суртлын хатуу хяналтын үед ч гэсэн эх орныхоо соёлын өвийг хамгаалах, дэлхийд таниулах зорилго тавьж ажилласан бөгөөд Энэтхэгийн эрдэмтдийн хамгийн найдвартай хамтрагчид байж, цаашилбал Монгол-Энэтхэгийн соёлын харилцааг бэхжүүлжээ. Өдгөө ч МУИС-ийн хувьд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай идэвхтэй хамтын ажиллагаатай байдаг бөгөөд 1957 онд МУИС-ийн анхны “Хүндэт доктор” цолыг Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Сарвепалли Радхакришнанд олгож байсан” түүхийг дурсаад бүтээлийг Монголынхоо уншигчдад хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан орчуулагчид, редакторууд, дэмжин ажилласан байгууллагуудад талархал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээсэн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр уншиж сонордуулав.

Энэхүү бүтээл нь Энэтхэгийн нэрт буддын судлаач, санскритч, хэл шинжлэлтэн профессор Локеш Чандрагийн англи хэлээр бичсэн, 568 нүүр хуудас бүхий нэг сэдэвт томоохон бүтээл юм. Уг ном Энэтхэг-Азийн утга зохиолын Шата-питака (Sāta-piṭaka) цувралын 640 дүгээр ботид 2013 онд хэвлэгдсэн бөгөөд одоо Монгол Улсад анх удаа уншигчдын гарт монгол хэлээр хүрч байна.
Тус бүтээлийн нэгэн онцлог нь МУИС-ийн эрдэмтэн багш нар болон Энэтхэгийн Рагу Вира, Локеш Чандра тэргүүтэй эрдэмтэдтэй харилцсан түүхүүд юм. Тухайлбал, МУИС-ийн профессор, академич Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Ж.Бадраа тэргүүтэй эрдэмдтийн судалгааны өв, эрдэм шинжилгээ нь Локеш Чандрагийн бүтээлд бичигдсэн байгаа нь монгол эрдэмтдийн хувь нэмрийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрсний нэг тод нотолгоо юм.


“Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” ном нь монголчуудын буддын утга зохиолыг хөгжүүлсэн түүх, монгол бар хэвлэл, судар номын онцлог шинж, Монгол Ганжуур, Данжуурын эрдэм шинжилгээний ач холбогдол зэргийг дэлгэрэнгүй өгүүлсэн бүтээл юм.

