МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох /MAЕTI/ “Орчуулагчийн анхан шатны цогц чадварын шалгалт”-ыг 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Тус шалгалтаар орчуулагчийн ур чадвар анхан шатны түвшинд хүрсэн нь тогтоогдвол гуравдугаар зэргийг батламжилсан гэрчилгээ олгодог бөгөөд энэ удаагийн шалгалтад 2 шалгуулагч тэнцсэн тул 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрчилгээгээ гардан авлаа. Шалгалтад эх хэл ба гадаад хэлний мэдлэг, гадаад хэл-эх хэл, эх хэл-гадаад хэлний орчуулах ур чадварыг сорих сорилгоор цогц чадварыг шалгасан бөгөөд энэ шалгалтад анх удаа гадаад улсын иргэд оролцсоны дээр МУИС-ийн эрдэмтэн багш шалгуулагчаар бүртгүүлэн оролцсоноороо онцлог шалгалт болов. МУИС-ийн УТСОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор С.Энхцэцэг англи хэлний гуравдугаар зэрэгтэй орчуулагч, Дорноговь аймгийн Айраг сумын уурхайн төсөлд ажиллаж буй БНХАУ-ын иргэн Заяат хятад хэлний гуравдугаар зэрэгтэй орчуулагч боллоо.

Гэрчилгээ гардуулах ёслолд МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын захирал, доктор, дэд профессор Г.Элдэв-Очир, МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвийн эрхлэгч, дэд профессор Ш.Эгшиг, дэд профессор Э.Мөнх-Учрал, дэд профессор П.Уянга, дэд профессор Б.Аззаяа, дэд профессор Л.Соёл нарын зэрэг шалгалтын комиссын шалгагч багш нар болон шалгуулагч нар оролцов.
Уг шалгалт нь орчуулгын үйлдвэрлэлийн зах зээлд эрэлттэй, ур чадвар бүхий мэргэжилтнүүдийн чадамжийг тодорхойлон үнэлэх зорилготой.

Мөн тус төвөөс өнгөрсөн онд орчуулагч, хэлмэрчийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж эхэлсэн юм. 2026 оноос эхлэн хагас жил тутам мэргэшүүлэх сургалтыг явуулахаар төлөвлөсөн ба энэ оны эхний сургалт 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлнэ.
Англи, орос, хятад, япон, герман, солонгос, франц, турк, итали, испани, чех, польш, араб хэлний орчуулагч болон хэлмэрчийн мэргэшлийн дунд шатны/хоёрдугаар зэргийн шалгалтыг энэ оны сүүлийн хагаст зохион байгуулах товтой. Хоёрдугаар зэрэгт горилогч нь “Орчуулагчийн анхан шатны цогц чадварын шалгалт”-ын сорилгыг амжилттай давсан гуравдугаар зэргийн батламж гэрчилгээ бүхий орчуулагч, хэлмэрч байна.

