МУИС-ийн Ректор Б.Очирхуяг болон “Пи Си Молл” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганбат нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь төр, хувийн хэвшлийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх, боловсрол, сургалт, судалгаа, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

Санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан сургалт, судалгаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах болно.
Түүнчлэн орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, оюутнуудын сургалтын ухаалаг орчныг бүрдүүлэх, анги, танхимыг ухаалаг шийдлээр тохижуулах, сургалтын хэрэгцээнд шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх боломж, чиглэлийн талаар талууд санал солилцон, оюутнуудын сургалтын хэрэглээг хангахад чиглэсэн санхүүгийн шийдлүүдийг илүү хүртээмжтэй, хялбар нөхцөлөөр бүрдүүлэх боломжийг хамтран судалж, тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцов.


Сүүлийн жилүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд татвар төлөгч хувийн хэвшлийн байгууллагууд татвар ногдох орлогынхоо 1 хувийг нийгмийн сайн сайхан, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт сайн дураар зарцуулсан тохиолдолд татвараас хөнгөлөх бодлогыг дэмжин ажиллаж байгаа. Энэхүү чиг хандлагыг түүчээлэн “Пи Си Молл” ХХК боловсролын салбарыг дэмжих зорилгоор санхүүгийн тодорхой дэмжлэг, хөрөнгө оруулалтыг боловсролын үйл ажиллагаанд чиглүүлэн зарцуулахаар болж буйгаа арга хэмжээний үеэр онцлон мэдэгдлээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулах, оюутан, багш, судлаачдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, боловсролын салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

