Хайж байна...

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн шинэ номын нээлт, хэлэлцүүлэг зохион байгуулав

Share Button

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр”, “Үндсэн хууль: Улстөр-Эрхзүй, хянал-тэнцэл II” нэг сэдэвт бүтээлийг (монографи) хэвлүүлэн гаргаж, шинэ номыг олон нийтэд таниулан сурталчилж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор номын нээлт, танилцуулгыг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд зохион байгууллаа.

“Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр” бүтээлд Монгол Улсын Үндсэн хуульд 1999/2000, 2019, 2022, 2023 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэрт хэрхэн нөлөөлснийг төрийн эрх мэдлийг хуваарилах онол, систем анализын онол, тоглоомын онол, Үндсэн хуулийн эдийн засгийн онолын үүднээс дүн шинжилгээ хийж, Үндсэн хуулийн хийдэл, сул талыг илрүүлж, сайжруулах арга замыг тодорхойлсон тул энэхүү бүтээл нь онол арга зүйн төдийгүй практик ач холбогдолтой бүтээл юм.

“Үндсэн хууль: Улстөр-Эрхзүй, хянал-тэнцэл II” бүтээлд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалтад улс төрийн динамик хэрхэн нөлөөлж байгааг судалж, улс төрийн үйл явц нь эрх мэдлийн хуваарилалт руу биш, харин төвлөрөл рүү хөтөлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан байна.

Эдгээр бүтээлүүд нь Монгол Улс дахь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдсан шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, цаашид анхаарах асуудлуудыг тусгасан, хууль зүйн шинжлэх ухааны үнэ цэнэтэй бүтээл болохыг хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид онцлов.

Үндсэн хуульт ёсыг төгөлдөржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах эдгээр бүтээлүүд нь тун удахгүй номын дэлгүүрүүдээр борлуулагдана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар