МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн “Шашин судлал” хөтөлбөрөөр амжилттай суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн (нийт 8 сая төгрөгийн) дөрвөн төрлийн тэтгэлгийг гардууллаа.
Нэрт буддын судлаач, академич, МУИС-ийн хүндэт профессор Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг нь “Шашин судлал” хөтөлбөрт сурлага, авьяас, идэвх зүтгэлээрээ манлайлсан шилдэг оюутнуудад олгодог уламжлалт тэтгэлэг юм. Академич Г.Лувсанцэрэн агсны хүүхдүүд Л.Энхжин, Л.Батжил нар шашин судлалын салбарт амжилттай суралцаж буй оюутнуудыг урамшуулах, тэднийг буддын болон шашин судлалын судалгааны ажилд татан оролцуулах, аавынхаа үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор уг тэтгэлгийг 2008 оноос хойш 19 дэх жилдээ олгож байна. Энэхүү тэтгэлгийг “Шашин судлал” хөтөлбөрийн IV түвшний оюутан Г.Лхагвадулам, М.Анударь нар хүртлээ.

Түүнчлэн “Шашин судлал” хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулан хөтөлбөр, байгууллага, төгсөгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөтөлбөрт чадварлаг элсэгч татах, тэднийг тогтвортой суралцуулах, шашин судлаач сайн мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “хөтөлбөрийн багш нарын тэтгэлэг”, “хамтрагч байгууллагын нэрэмжит”, “төгсөгчийн нэрэмжит” сургалтын төлбөрийн тэтгэлгүүдийг зарласан билээ. Эдгээр тэтгэлгийг олгохдоо оюутнуудын сурлагын амжилт, тогтвортой суралцаж буй байдлыг гол шалгуур болгожээ.

Багш нарын бүтээлийн борлуулалтын хуримтлалаас олгосон “Шашин судлал” хөтөлбөрийн багш нарын тэтгэлгийг II түвшний оюутан О.Энх-Ариун, хамтрагч байгууллагын нэрэмжит буюу “Чухагт Эрдэнэ” соёл гэгээрлийн төвийн тэтгэлгийг II түвшний оюутан А.Ачитмаа, төгсөгчийн нэрэмжит буюу хөтөлбөрийн 2010 оны төгсөгч О.Ууганбаярын тэтгэлгийг II түвшний оюутан Б.Номун тус тус хүртэв.

Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд тэтгэлэг олгогч тал, Философи, шашин судлалын тэнхимийн багш, оюутнууд оролцож, тэтгэлэг хүртсэн оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.
Философи, шашин судлалын тэнхим

