Хайж байна...

Үндэсний геологийн албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Share Button

МУИС болон Засгийн Хэрэгжүүлэгч Агентлаг Үндэсний геологийн алба геологи, дэлхий судлалын салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хамтарсан судалгаа, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд МУИС-ийн талаас Ректор Б.Очирхуяг, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, ШУС-ийн БУС хариуцсан дэд захирал Г.Мөнхбаяр, ШУС-ийн Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч Б.Тамир, тэнхимийн профессор Х.Уламбадрах, нөгөө талаас Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Шинэ-Од, Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Шихихутаг нар оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд геологийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчнийг олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг бодит үйлдвэрлэл, судалгааны хэрэгцээтэй уялдуулахад онцгой анхаарч ажиллахын сацуу оюутан, судлаачдад практик туршлага олгох, үйлдвэрлэлийн дадлага болон судалгааны ажлыг хамтран зохион байгуулах боломжийг бүрдүүлэх юм.

Мөн хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, инновацын үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана. Талууд судалгааны хамтарсан баг бүрдүүлэн, геологийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хууль эрх зүйн болон бусад чиглэлийн судалгааг хамтран боловсруулах, мэдээлэл, өгөгдөл солилцох, лабораторийн нөөц, бааз суурийг харилцан ашиглах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, харилцан мэдлэг, туршлага судлах сургалт, семинар, зохион байгуулах замаар байгууллагуудын хүний нөөцийг мэргэшүүлэх, туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх боломжийг нээж буй нь салбарын мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг тасралтгүй хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар