Хайж байна...

БНХАУ-ын зарим их сургууль, компаниудаар ажлын айлчлал хийлээ

Share Button

МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуу нар сургуулийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор 2026 оны 3-р сарын 15-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин Их Сургууль, Тяньжины Технологийн Их Сургууль, Шаньдуны Технологи Бизнесийн Их Сургуульд ажлын айлчлал хийж, “Тяньжин Жинванфан ган хийц”  ХХК, Шаньдун мужийн Янтай Хуанбохай шинэ дүүргийн Хөрөнгө оруулалтыг дэмжих газар, “Янтай Жинпенг Уул Уурхайн Машин Механизм групп” ХХК, “Хунруй групп” ХХК, “Синдажөн” ХХК, “Жинпөн групп” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа.

БНХАУ-ын Тяньжин Их Сургуульд айлчиллаа

3-р сарын 17-ны өдөр МУИС-ийн Ректор Б.Очирхуяг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Тяньжин Их Сургуульд айлчиллаа. Тяньжин Их Сургуулийн ХКН-ын  нарийн бичгийн дарга Ян Сянжин төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад проректор Мин Дун, Хот төлөвлөлтийн сургуулийн профессор, Тяньжины Ган хийцийн холбооны ерөнхийлөгч Чөн Жихуа, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жан Лин, Хот байгуулалтын сургуулийн захирал Ши Яньчао, Олон улсын боловсролын сургуулийн захирал Ли Цян, Химийн инжинерчлэл болон технологийн сургуулийн дэд захирал Ван Жүнь, Тяньжин их сургуулийн Хот төлөвлөлт болон архитектурын хүрээлэнгийн орлогч захирал Жя Ли, Тяньжиний Ган хийцийн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд “Тяньжин Жинванфан ган хийц”  ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жао Диэнган, Хятад-Монголын судалгааны төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Лю Пэн, нарийн бичиг З.Шүр болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Ян Сянжин төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч, Тяньжин Их Сургуулийн түүхэн хөгжил, эрдэм шинжилгээ сургалтын давуу тал, олон улсын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцуулав. Тэрээр хоёр их сургууль олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж Хятад, Монгол хоёр улсын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Ректор Б.Очирхуяг Тяньжин Их Сургуулийн удирдлага найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлж, Монгол Улсын Их Сургуулийн хөгжлийн түүх, Монгол Улсын хөгжилд оруулсан онцгой хувь нэмэр, кампусын зохион байгуулалт, одоогийн  нөхцөл байдал, Монгол Улсад өндөр түвшний инженер технологийн боловсон хүчин хэрэгцээ шаардлагатай байгаа талаар танилцуулав. Тэрээр хоёр их сургуулийн инженер технологийн хамтын ажиллагаагаар сайн эхлэл болгон, олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш оюутнуудын солилцоог сайжруулах, шинжлэх ухааны судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр өргөн хамтын ажиллагаа явуулахыг хүсэн хүлээж байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын үеэр МУИС-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуу, Тяньжин Их сургуулийн проректор Миндун нар “МУИС болон Тяньжин Их Сургуулийн харилцан ойлголцлын санамж бичиг”-т тус тусын байгууллагуудыг төлөөлөн гарын үсэг зурж, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд байгалийн ухаан болон хэрэглээний шинжлэх ухааны бакалавр болон магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, МУИС-ийн багш нарыг доктор болон постдокторын сургалтад тэтгэлэгтэй суралцуулах, эрдэм шинжилгээ, шинжлэх ухаан, инновацын хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо.

Мөн Тяньжин Их Сургуулийн Хот байгуулалтын сургууль, Тяньжины Ган хийцийн холбоо, “Тяньжин Жинванфан гангийн бүтэц” ХХК хамтран “Барилгын шинэ материалын судалгааны төв” байгуулахаар тохирлоо.

“Тяньжинь Ванфанг Ган хийц” ХХК нь 300 гаруй  ажилтантай бөгөөд инженер техникийн ажилтнууд нийт ажилчдын 80%-ийг эзэлж байгаа нь дотоодын салбарт тэргүүлэгч байр суурь эзэлдэг байна.

Тус компани МУИС, Тяньжин Их Сургууль болон Тяньжины Ган хийцийн холбоо хамтран “Барилгын шинэ материалын судалгааны төв”-ийг байгуулахад 10 сая юань буюу 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цаашид жил бүр 100,000 юань буюу 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвийн үйл ажиллагааг дэмжих юм.

Төлөөлөгчид Тяньжин их сургуулийн Газар хөдлөлтийн инженерчлэлийн симуляцийн үндэсний байгууламж (GNFEES)-тай танилцлаа. Тус байгууламж нь  газар хөдлөлтийн инженерчлэлийн чиглэлээр том хэмжээтэй болон их ачаалалтай газар хөдлөлтийн инженерчлэлийн симуляцийн туршилт, газар хөдлөлт-долгион-гүйдлийн холболтын туршилт, олон цэгийн болон олон хэмжээст уялдаа холбоогүй газар хөдлөлтийн хөдөлгөөний хэрэглээ, тоон симуляци болон ухаалаг дүрслэлийн технологи зэрэг олон туршилт хийдэг улсын зэрэглэлийн лаборатори юм.

Талууд тус газраас энэ оны 7-р сард болох олон улсын хуралд МУИС-ийн холбогдох эрдэмтдийг оролцуулах, газар хөдлөлтийн өгөгдөл боловсруулах, өгөгдөлд суурилсан хамтарсан төсөл хэрэгжүүлэх, судлаач бэлтгэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

Тяньжин Их Сургууль 1885 онд байгуулагдсан, энэ хичээлийн жилд бакалаврын  19,103, магистрын 14,692, докторын 6,482 оюутан суралцаж, нийт  40,277 суралцагчтай юм. Гадаад орны 2,000 гаруй оюутан суралцаж байна. Манай орноос “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн оюутнуудыг оролцуулаад 130 гаруй оюутан суралцаж байна. Мөн 4,871 багш, ажилтантай. Тяньжин Их Сургууль нь Хятадын шилдэг их сургууль бөгөөд Times Higher Education (THE 2026)-аас гаргасан эрэмбээр Хятадад 15-20, дэлхийд 201-250-р байр эзэлдэг. Инженерчлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн “985” болон “Давхар Нэгдүгээр зэрэглэлийн” тэргүүлэх их сургууль юм. Барилга ба архитектур төлөвлөлт, материал судлал болон химийн инжинерчлэл зэрэг  салбар нь  дэлхийн шилдэг 40-д багтдаг.

Тяньжины Технологийн Их Сургуульд айлчиллаа

3-р сарын 16-ны өдөр МУИС-ийн Ректор Б.Очирхуяг тэргүүтэй төлөөлөгчид Тяньжиний Технологийн Их Сургуульд айлчиллаа.

Тус сургуулийн ХКН-ын дэд нарийн бичгийн дарга бөгөөд ректор Чен Шэнён, сургуулийн ХКН-ын Байнгын Хорооны гишүүн, проректор Ван Ти нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Мөн олон улсын солилцооны алба, хүний нөөцийн алба, шинжлэх ухаан, технологийн алба зэрэг холбогдох хэлтсийн дарга нар уулзалтад оролцов. Хоёр тал их сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтарсан салбарын хөгжлийг дэмжих талаар санал солилцлоо.

Талууд хамтарсан судалгаа хийх, авьяас чадвартай боловсон хүчин бэлтгэх талаар зөвшилцөж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцлийг бүрдүүллээ.

Уулзалтын дараа төлөөлөгчид тус сургуулийн Компьютерийн шинжлэх ухаан болон  инженерийн сургууль, Цахилгааны инженерчлэл болон автоматжуулалтын сургууль, Далайн эрчим хүчний сургууль, Шинжилгээ, туршилтын төвүүдээр зочилж,  Компьютерын судалгааны хүрээлэн, Тяньжин хотын нарийн төвөгтэй системийн хяналтын онол болон хэрэглээний гол лаборатори, Электрон микроскопийн төв зэрэг судалгааны платформуудтай танилцаж, судалгааны тоног төхөөрөмж, судалгааны төслүүд, технологи  дамжуулалтын талаар санал солилцлоо.

Компьютерын шинжлэх ухаан болон технологи, төслийн менежментийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, дохионы хэлийг кодлон монгол хэлээр кирилл үсгээр хувиргах төсөл хэрэгжүүлэх, мега төслүүдийн ТЭЗҮ-г хамтарч боловсруулах талаар хамтарч ажиллахаар боллоо.

Энэхүү айлчлал нь хоёр их сургуулийн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлсэн юм. Цаашид салбарын хөгжил, багш, оюутны солилцоо, хамтын судалгаа зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлж, Хятад, Монголын боловсролын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахаар тохиролцлоо.

Тяньжины Технологийн Их Сургууль нь 30 гаруй мянган оюутантай, 2,056 багш, ажилтантай, үүнээс 1,545 багштай, багш нарын 983 нь докторын зэрэгтэй, 802 нь дээд  зэрэглэлийн мэргэжлийн цолтой. Тус их сургууль нь олон улстай харилцах стратегийг эрчимтэй хэрэгжүүлдэг. Дэлхийн 38 улс орон, бүс нутгийн 150 нэр хүндтэй их сургууль, судалгааны байгууллагатай найрсаг хамтын ажиллагааны харилцаа тогтоосон. Мөн Канад, Япон болон бусад орны их сургуулиудтай бакалавр болон магистрын түвшний хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тус сургуулийн хими, материал судлал,  инженерчлэл болон компьютерийн шинжлэх ухаан, байгаль орчин ба экологи зэрэг салбарууд ESI-ийн дэлхийн чансааны эхний 1%-д багтжээ. Тус сургуулийн төслийн менежмент болон компьютерийн ухааны салбарын хөтөлбөрүүд  улсдаа дээгүүрт эрэмбэлэгддэг.

Шаньдуны Технологи Бизнесийн Их сургуультай уулзалт зохион байгуулав.

3-р сарын 16-ны өдөр МУИС-ийн Ректор Б.Очирхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотод Шаньдуны Технологи Бизнесийн Их Сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтад Шаньдуны Технологи Бизнесийн Их Сургуулийн ХКН-ын дэд нарийн бичгийн дарга бөгөөд ректор Тао Ху, сургуулийн ХКН-ын хорооны гишүүн, проректор Ли Силян, шинжлэх ухаан, судалгааны газрын дарга Тан Сунлин, олон улсын хамтын ажиллагаа болон солилцооны газрын дарга Жие Сяолян, насан туршийн боловсролын сургуулийн захирал Юй Бө, Олон улсын хамтын ажиллагаа болон солилцооны газрын орлогч дарга Жан Яжүн нар байлцлаа.

Талууд “Нүүрсний эдийн засаг, үйлдвэрлэлийн инновацын судалгааны төв” хамтран байгуулах, Монгол Улсын нүүрсний уурхайн боловсон хүчинг Хятадын дэвшилтэт технологитой, томоохон нүүрсний уурхайн сайн туршлагаас суралцах, нүүрсний уурхайн менежментийн сургалт хамтран зохион байгуулах, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Шаньдуны Технологи Бизнесийн Их Сургууль нь 1985 онд хуучнаар БНХАУ-ын Нүүрсний Аж Үйлдвэрийн Яамны харьяанд Хятадын Нүүрсний Эдийн Засгийн Дээд сургууль нэртэйгээр байгуулагдсан. 2003 оны 2-р сард Боловсролын яамны зөвшөөрлөөр “Шаньдуны Технологи Бизнесийн Их Сургууль” болгон өөрчилсөн. Тус сургууль нь 22,000 гаруй оюутантай, 1,580 орчим  багш, ажилтантай. Тус сургуулийн төгсөгчид Хятадын нүүрсний олон уурхайн удирдлагын багт ажилладаг.

Шаньдун мужийн Янтай Хуанбохай шинэ дүүргийн Хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга Ван Фэй, Янтай Жинпенг Уул Уурхайн Машин Механизм группийн үйл ажиллагааны захирал Лю Мингуан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МУИС-ийн ректор Б.Очирхуяг БНХАУ-ын Шаньдун мужийн Янтай Хуанбохай шинэ дүүргийн Хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга Ван Фэй, орлогч дарга Жү Юань, “Янтай Жинпенг Уул Уурхайн Машин Механизм” ХХК группийн үйл ажиллагааны захирал Лю Мингуан, Жинпен группийн Ашигт малтмалын боловсруулалтын судалгааны хүрээлэнгийн захирал Ху Чуньрун нарыг хүлээн авч уулзлаа.

Ректор Б.Очирхуяг МУИС-ийн түүхэн хөгжил, эрдэм шинжилгээ сургалтын одоогийн байдал, их сургууль компаниудын хамтын ажиллагаа, ирээдүйн төлөвийн талаар товч танилцууллаа. БНХАУ-ын Шаньдун мужийн Янтай Хуанбохай шинэ дүүргийн Хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга Ван Фэй Шаньдун мужийн Янтай Хуанбохай шинэ дүүргийн нээлттэй бүс, эдийн засгийн үзүүлэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, гадаад дотоод хамтын ажиллагааны талаар товч танилцуулав.

Мөн Янтай Жинпенг Уул Уурхайн Машин Механизм группийн үйл ажиллагаа хариуцсан захирал Лю Мингуан компанийхаа талаар товч танилцууллаа.

Янтай Жинпенг Уул Уурхайн Машин Механизм ХХК нь уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт инженерингийн зөвлөгөө, туршилтын зураг төсөл гүйцэтгэх, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, суурилуулах, ашиглалтад оруулах зэрэг бүрэн хэмжээний үйлчилгээ үзүүлдэг. Дэлхийн 80 оронд олон зуун уул уурхайн төслийг хэрэгжүүлж, техник технологийн бодит хүчин чадал болон инженерингийн туршлагатай болсон. Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн хөгжлийн хэрэгцээнд үндэслэн, “үйлдвэрлэл-боловсрол-судалгаа-хэрэглээ”-ийн хамтын ажиллагааны загварт тулгуурлан хоёр тал хамтран уул уурхайн лаборатори байгуулж, их сургуулийн судалгааны давуу тал болон компанийн үйлдвэрлэлийн нөөцийг хослуулах саналаа илэрхийллээ.

Энэхүү төсөл нь ашигт малтмалын шинжилгээ, ашигт малтмал боловсруулах технологи, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах гэсэн гурван үндсэн чиглэлийг хамарсан, ашигт малтмалын нөөцийг үр ашигтай хөгжүүлэх техникийн дэмжлэг үзүүлж, Монголд тэргүүлэгч цогц уул уурхайн туршилтын платформ байгуулах зорилготой юм. Компани энэхүү лабораторийг байгуулахад 10 сая юань буюу 5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохирлоо.

“Хунруй групп” ХХК-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа

1992 онд байгуулагдсан “Янтай Хайде тусгай тээврийн хэрэгсэл” ХХК нь “Хунруй групп” ХХК-ийн охин компани бөгөөд хотын хогийн менежмент, хотын болон хурдны замын засвар үйлчилгээний зориулалттай тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр мэргэшсэн, Хятадын хамгийн анхны мэргэжлийн цэвэрлэгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн нэг  юм. Компани нь үндэсний өндөр технологийн гол аж ахуйн нэгж бөгөөд мужийн түвшний технологийн судалгаа, хөгжлийн төвтэй.

Тус компанийн зүгээс МУИС болон Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтран Улаанбаатар хотын тохижилт үйлчилгээний талаар судалгаа хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлон Улаанбаатар хотыг иргэн төвтэй, амьдрах орчин сайтай хот болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлэв.

“Синдажөн” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Уулзалтад “Синдажөн” үйлчилгээний менежментийн группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ли Маошүн, маркетинг хариуцсан ерөнхий захирал Ван Инү, Хойд Хятадын бүсийн гүйцэтгэх захирал Шю Шиндун, Хөх хот дахь салбар компанийн ерөнхий захирал Оюун нар оролцлоо.

“Синдажөн” ХХК нь 1998 онд байгуулагдан, 2019 онд Шэньжэний хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан, ухаалаг хотын үйлчилгээний менежмент, инновац, үйлчилгээний аутсортингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

“Синдажөн” ХХК нь зөвхөн  боловсролын салбарт гэхэд 100 гаруй сургуулийн 2.1 сая орчим багш, суралцагчдад үйлчилгээ үзүүлээд байна. БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран сургуулийн үйлчилгээний стандартыг боловсруулж батлуулсан.

Цогц, мэргэжлийн, ухаалаг менежментын үйлчилгээ үзүүлдэг нь тус компанийн ялгарах онцлог болно. Тус компани Монгол улсын сургуулиудад ухаалаг үйлчилгээний систем бий болгож, сургуулиудын цэвэрлэгээ, харуул хамгаалалт, хоолны газар, кампус үйлчилгээг бий болгох боломжтой эсэх талаар санал солилцлоо.

 “Жинпөн групп” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа

БНХАУ-ын “Жинпөн групп” ХХК нь 1993 онд байгуулагдсан. Аньхуй мужийн шилдэг 10, бүх Хятадын шилдэг 500 хувийн аж ахуйн нэгжийн нэг юм. Тус компани нь 6000 гаруй ажилтантай бөгөөд жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 30 тэрбум юаниас давсан байна.

Тус компанийн удирдлагуудтай МУИС-ийн оюутны 6-р дотуур байрыг төр хувийн хэвшлийн хэлбэрээр шинэчлэн барих, МУИС-ийн шинэ нисэхийн ойролцоох талбайд багш, ажилтны хотхон барих, МУИС-ийн Өвөр Засйан сургалт судалгааны төвд хөрөнгө оруулалт хийх талаар санал солилцлоо. Компаний удирдлагууд 4-р сарын эхээр МУИС-д зочилж, төслүүд дээр газар дээр нь танилцан хамтран ажиллах талаар судалгаа хийхээр тогтлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар