Хайж байна...

“Хиймэл оюуны эрин үе дэх Монгол–Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй” сэдэвт лекц зохион байгуулагдлаа

Share Button

БНСУ-ын Гадаад харилцааны сайд асан, KAIST (Korea Advanced Institute of Science and Technology)-ийн зочин профессор Др. Пак Жин  “Хиймэл оюуны эрин үе дэх Монгол–Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй” сэдвээр лекц уншлаа.

Др. Пак Жин нь 2022–2024 онд БНСУ-ын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан бөгөөд өдгөө KAIST хүрээлэнд “Science Diplomacy” буюу шинжлэх ухааны дипломат харилцаа чиглэлээр хичээл зааж буй олон улсын харилцаа, дипломат бодлогын нэр хүндтэй төлөөлөгч, улс төрч  юм.

Лекцийн өмнө Др. Пак Жин тэргүүтэй төлөөлөгчид МУИС-ийн удирдлагуудтай албан уулзалт хийв. Уулзалтад МУИС-ийн талаас Ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Ц.Баатарчулуун, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Судалгаа хөгжүүлэлтийн газрын дарга, дэд профессор Н.Эрдэнэ, УТСОУХНУС-ийн захирал, профессор С.Мөнхбат, ШУС-ийн БУС-ын захирал, дэд профессор Г.Мөнхбаяр болон Ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор Д.Оюунцэцэг нар оролцов. Зочин талаас Пак Жин, KAIST-ийн дэд профессор Пак Кён Рёл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, доктор Ч.Лодойравсал, ГХЯ-ны Азийн газрын атташе Д.Жавхлант нар оролцлоо.

Уулзалтын үеэр МУИС-ийн үйл ажиллагаа, гадаад хамтын ажиллагааны өнөөгийн чиглэл, Монгол–Солонгосын их, дээд боловсрол, судалгааны хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулж, талууд шинжлэх ухаан, технологи, судалгааны хамтарсан санаачилга, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Мөн МУИС-ийн судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаа болон ARC, Ахисан түвшний Chey хүрээлэнгийн (хуучнаар KFAS) талаар танилцуулга хийж, дээд боловсролын байгууллагуудын түвшинд судалгаа, инновац, олон улсын сүлжээний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв.

Др. Пак Жин нь хоёр улсын хоорондын боловсрол, эрдэм шинжилгээ, хүний нөөцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх монголын ууган сургууль МУИС-ийн үүрэг оролцоо өндөр гэдгийг онцлон тэмдэглэв.

Лекцийн үндсэн агуулга нь хиймэл оюун, дижитал шилжилт, квант технологи, шинжлэх ухаан-технологийн хөгжлийн шинэ үе болон эдгээр өөрчлөлт нь Монгол, БНСУ-ын харилцаанд нээж буй шинэ боломжуудыг хөндсөнөөрөө онцлог байв. БНСУ нь хиймэл оюун болон квант технологийг ирээдүйн үндэсний өрсөлдөх чадвар, инновацын бодлогын гол чиглэлүүдийн нэг болгон хөгжүүлж байгаа бөгөөд 2026 онд танилцуулсан квант технологийн мастер төлөвлөгөөндөө “NEXT-AI” эринд квант технологиор манлайлах, хиймэл оюуны тэргүүлэх орон болох зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Др. Пак Жин шинжлэх ухааны дипломат харилцааг XXI зууны гадаад бодлогын чухал хэрэгсэл хэмээн онцолж, улс орнууд зөвхөн уламжлалт улс төр, эдийн засгийн харилцаагаар бус, мэдлэг, технологи, судалгаа, инновацын хамтын ажиллагаагаар дамжуулан харилцан итгэлцэл, нийтлэг ашиг сонирхлоо бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Олон улсын түвшинд шинжлэх ухааны дипломат харилцааг шинжлэх ухаан гадаад бодлогын шийдвэрт зөвлөх, дипломат харилцаа шинжлэх ухааны хамтын ажиллагааг дэмжих, шинжлэх ухаан улс хоорондын итгэлцлийг бэхжүүлэх гэсэн үндсэн чиглэлээр тайлбарладаг бөгөөд өнөөгийн дэвшилтэт технологийн эринд хиймэл оюун, квант технологи, өгөгдөл, стандарт, аюулгүй байдлын засаглал нь энэхүү ойлголтыг улам өргөжүүлж байна.

Лекцийн үеэр Монгол Улс болон БНСУ нь ардчилал, хүний нөөцийн хөгжил, боловсрол, технологийн шинэчлэл, бүс нутгийн тогтвортой хөгжлийн нийтлэг сонирхол бүхий стратегийн түнш орнууд болохыг онцолж, ирэх жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаанд их сургуулиуд, судалгааны байгууллагууд, залуу судлаачид чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэв. Монгол, БНСУ-ын харилцаа 2021 онд стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн бөгөөд энэхүү суурь нь боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлж байна.

МУИС-ийн хувьд энэхүү лекц нь Монгол–Солонгосын эрдмийн хамтын ажиллагааг зөвхөн оюутан, багшийн солилцоо, сургалтын хамтын ажиллагаагаар хязгаарлах бус, хиймэл оюун, дижитал шилжилт, квант технологи, шинжлэх ухааны бодлого, технологийн засаглал зэрэг ирээдүйн стратегийн салбаруудтай уялдуулан хөгжүүлэх шаардлагыг тодотгосон чухал арга хэмжээ боллоо.

Лекцийн төгсгөлд оролцогчид шинжлэх ухаан, технологийн хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед их сургуулиуд зөвхөн мэдлэг түгээх байгууллага бус, улс хоорондын харилцаа, инновац, нийгмийн хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах мэдлэгийн гүүр байх ёстой талаар санал нэгдэв.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар