Хайж байна...

“BLACK BOX – 2026” маркетингийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхим болон MCS Coca-Colа компанийн хамтран зохион байгуулсан “BLACK BOX – 2026” маркетингийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Маркетингийн үндэс хичээлийг судалж буй оюутнууд баг бүрдүүлэн оролцож, бодит брэндийн кейс дээр маркетингийн мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвараа сорин өрсөлдөв.

Энэ жилийн тэмцээний даалгавар нь MCS Coca-Cola компанийн Powerade брэндэд зориулсан богино хугацааны маркетингийн идэвхжүүлэлтийн хөтөлбөр боловсруулах байв. Оюутнууд Powerade брэндийн дүр төрх, хэрэглээ, хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэгчийн гол хэрэгцээ, ойлголт, зорилтот бүлэг, брэндийн хоногшуулалт, бүтээлч идэвхжүүлэлтийн санаа, төсөв, хэрэгжүүлэх сувгууд, хүлээгдэх үр дүнг багтаасан цогц шийдлүүдээ боловсруулан танилцууллаа.

Тэмцээнд нийт 26 багийн 124 оюутан оролцсоноос дараах багууд шилдэг гүйцэтгэлээрээ шагналт байрт шалгарлаа.

1-р байр: The Marketers (М.Гантигмаа, Х.Мөнх-Ертөнц, Ч.Бадамгарав, А.Бадрах, С.Энхжин)
2-р байр: High Five (М.Эрхэмбаяр, А.Мөнхтулга, Д.Ану, Н.Анужин, Т.Мөнгөнгэрэл)
3-р байр: БУХ (У.Удвал, Ж.Эрхэмбая, Р.Мария, Ц.Хүжмаа, Ж.Энхбилгүүн)
Тусгай байр: Goats (Н.Цолмон, Б.Цогбадрах, Г.Уянга, Б.Насанбат, У.Дэлгэржаргал)
Шүүгчдийн нэрэмжит шагнал: BRANDIES (Д.Эмүжин, Б.Намуун, А.Ариун-Эрдэнэ, М.Мишээл, О.Ариунсанаа)

Тэмцээний шүүлтийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн багш нар болон MCS Coca-Cola компанийн төлөөллүүд хамтран гүйцэтгэж, багуудын судалгаа, стратеги, бүтээлч санаа, хэрэгжих боломж, контентын гүйцэтгэлийг үнэлэв.

“BLACK BOX – 2026” тэмцээн нь оюутнуудад онолын мэдлэгээ бодит бизнесийн кейстэй холбож хэрэглэх, брэндийн идэвхжүүлэлтийн санаа боловсруулах, багаар ажиллах, мэргэжлийн түвшинд илтгэх зэрэг үнэ цэнтэй туршлага боллоо. Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт оюутнууд, хамтран ажиллаж, оюутан залуустаа оюуны үнэтэй хөрөнгө оруулсан MCS Coca-Cola компанийн хамт олон болон зохион байгуулагч багш нартаа талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар